2026 ОНД 47 ХУВЬЦААТ КОМПАНИ 946.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХААР ШИЙДВЭРЛЭЖЭЭ
- schedule Өчигдөр 20 цаг 34 минут
- chat_bubble 0

Монгол Улсад 2026 онд нийт 47 хувьцаат компани хувьцаа эзэмшигчдэдээ 946.54 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ. Харин 39 компани ногдол ашиг олгохгүй байхаар болсон байна.
Санхүүгийн зохицуулах хороонд нийт 86 хувьцаат компани ногдол ашиг хуваарилах эсэх шийдвэрээ ирүүлснээс 54.66 хувь нь ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн нь энэ юм.
Ногдол ашгийн дийлэнх буюу 909.92 тэрбум төгрөгийг Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй 21 компани хуваарилахаар болжээ. Харин хоёрдугаар ангиллын 19 компани 35.27 тэрбум, гуравдугаар ангиллын зургаан компани 1.24 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, ХААН Банк 2025 оны татварын дараах цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 214 төгрөг буюу нийт 409.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бол Голомт банк нэгж хувьцаанд 80 төгрөгөөр тооцож, нийт 64.7 тэрбум төгрөг олгохоор болжээ.
Мөн төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Ингэснээр 1072 хувьцаатай иргэн татварын дараах дүнгээр 63 мянга 242 төгрөг авах тооцоо гарсан юм.
Сүүлийн жилүүдийн үзүүлэлтийг харвал 2021 онд 33 компани 110.5 тэрбум, 2022 онд 38 компани 150.8 тэрбум, 2023 онд 34 компани 303.07 тэрбум, 2024 онд 47 компани 535.09 тэрбум, 2025 онд 42 компани 1.14 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэж байжээ. Харин 2026 онд ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн компанийн тоо өмнөх оноос таван нэгжээр нэмэгдсэн ч нийт ногдол ашгийн хэмжээ буурсан үзүүлэлттэй байна.
Ногдол ашиг нь компанийн ашиг орлогоос хувьцаа эзэмшигчдэд хүртээж буй өгөөж бөгөөд иргэд хувьцааны тоо хэмжээ, компанийн шийдвэрээс хамааран өөр өөр хэмжээний ашиг хүртдэг.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...