“ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ 44 ХУВЬТАЙ БАЙНА
- schedule Өнөөдөр 21 цаг 28 минут
- chat_bubble 0

Улаанбаатар хотод Дулааны VI цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй энэ цаг үед “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн гүйцэтгэл 44 хувьтай байна. Үүнээс барилга угсралтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогоор зуух, турбин, яндан болон бусад үндсэн байгууламжийн суурийн ажил дуусаж, захиргааны болон туслах барилгуудын суурийн ажил үргэлжилж байна.
Төслийн ерөнхий инженер Г.Өлзийбаатарын хэлж буйгаар “Барилга угсралтын ажил батлагдсан графикийн дагуу явагдаж байгаа бөгөөд энэ онд үндсэн барилгын суурийн ажлыг дуусгахаар төлөвлөж байна” гэлээ.
Төслийн талбайд 420 гаруй ажилтан, инженер техникийн ажилтан, 70 орчим машин механизм ажиллаж байгаа юм байна.
Тус станцыг 2028 онд ашиглалтад оруулснаар 300 МВт-ын суурилагдсан хүчин чадлаар цахилгаан үйлдвэрлэж, 270 МВт-ыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх юм. Мөн нийслэлийн баруун бүсийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн дулаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.


Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...