ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АСУУДЛААР АЖЛЫН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
- schedule Өнөөдөр 8 цаг 5 минут
- chat_bubble 0

Монгол Улсын газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр Монгол, Энэтхэгийн талын хамтарсан ажлын уулзалт боллоо. Уулзалт аравдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Энэтхэг улсын Хайдарабад хотод болж “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх Engineers India Limited болон ерөнхий гүйцэтгэгч Megha Engineering & Infrastructures Limited компанийн удирдлага, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцжээ.
Уулзалтаар үйлдвэрийн EPC 02, EPC 03, EPC 04 багц ажлын барилга угсралт, инженерчлэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, нийлүүлэлтэд тулгарч буй хүндрэлүүдийг хэлэлцэж, шийдвэрлэх арга хэмжээ, хугацааг тодорхойлсон байна. Тухайлбал, өвлийн улиралд металл хийцийн үйлдвэрлэл, угсралтыг сард 1,000 тоннд хүргэх, барилгын ажлын идэвхтэй улиралд өдөрт 90-100 тонн ган бүтээц угсрахаар төлөвлөжээ.
Мөн EPC 04 багц ажлын хүрээнд 6,500 гаруй тонн ган бүтээц нийлүүлэх, реактор, компрессор, технологийн зуух зэрэг том оврын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэхээр тохиролцсон байна. Түүнчлэн турбин, насос, дулаан солилцуур болон цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, туршилт, нийлүүлэлтийн хугацааг богиносгох асуудлыг хэлэлцжээ.
Энэ удаагийн уулзалтаар үйлдвэрийн гүн боловсруулалтын технологийн байгууламжуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд онцгой анхаарсан байна. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын шатахууны импортын хамаарлыг бууруулж, дотоодын хэрэгцээгээ хангах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...