ДУЛААНЫ VI ЦАХИЛГААН СТАНЦ НЬ 300 МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ
- schedule Өнөөдөр 21 цаг 31 минут
- chat_bubble 0

Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж буй энэ үед шинэ эх үүсвэр бий болгох нь салбарын тулгамдсан асуудлын нэг болоод байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод Дулааны VI цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, Ерөнхий сайд Н.Учрал төслийн талбайд ажиллалаа.
Төлөвлөж буй Дулааны VI цахилгаан станц нь 300 МВт-ын хүчин чадалтай байх юм. Ашиглалтад орсноор нийслэлийн 60 мянган өрхийг цахилгаанаар, 52 мянган өрхийг дулаанаар хангах боломж бүрдэнэ гэж тооцоолжээ.
Ерөнхий сайд төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон бусад бэлтгэл ажлыг шуурхайлах, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох албаныханд үүрэг өгсөн байна.
Түүнчлэн 2027 оны улсын төсвийн төсөлд эрчим хүчний салбарын шинэ эх үүсвэр, барилга байгууламжид 1.041 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тусгаад байгаа аж. Санхүүжилтийн өөр эх үүсвэр, арга эрэлхийлэх ёстой гэж үзэж санхүүжүүлэх хувилбар гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо.
Дулааны VI цахилгаан станцыг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Шинэ станц ашиглалтад орсноор нийслэлийн эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...