ГААЛИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ ХОЛБООТОЙ ХАХУУЛИЙН ХЭРГҮҮДИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ
- schedule Өчигдөр 20 цаг 30 минут
- chat_bubble 0

Авлигатай тэмцэх газраас гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон тээвэрлэгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.
Тухайлбал, Замын-Үүд дэх Гаалийн газрын улсын байцаагч О.Н нь гаалийн мэдүүлэгт хяналт шалгалт хийсний хариуд хахууль авсан, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нь гаалийн байцаагч нарт нийт 43 сая төгрөгийн хахууль өгсөн гэх хэрэгт холбогджээ.
Мөн Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн улсын байцаагч Г.Б нь 155.7 сая төгрөгийн татвар ногдуулах барааг илрүүлсэн атлаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад 233.5 сая төгрөгийн хууль бус давуу байдал бий болгосон гэх хэрэгт шалгагдсан байна.
Авлигатай тэмцэх газраас 2026 оны тавдугаар сараас эхлэн гаалийн байгууллагын албан тушаалтнууд хахууль авах, мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Одоогийн байдлаар гаалийн албан хаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох 20 хэргийг шүүхэд шилжүүлснээс 17 нь шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Харин бусад хэрэг шүүх, прокурор болон мөрдөн шалгах шатанд үргэлжилж байгаа юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...