ГААЛИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ 30 ЖИЛИЙН ТҮҮХЭН ОЙГОО ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
- schedule 2026 оны 11 сарын 2
- chat_bubble 0

Монгол Улсын гаалийн байгууллагын мэргэжлийн хяналт, магадлан шинжилгээний үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн Гаалийн төв лаборатори байгуулагдсаны 30 жилийн ой 2026 онд тохиож байна.
Тус лаборатори 1996 онд байгуулагдсан бөгөөд 2003 оноос үндэсний итгэмжлэлд хамрагдан, үйл ажиллагааныхаа хүрээг үе шаттайгаар өргөжүүлжээ.
Шинэчлэлийн хүрээнд 2021 онд лабораторийн зориулалтын шинэ барилгыг ашиглалтад оруулж, тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийсэн байна. Ингэснээр эрдэс түүхий эд, нүүрс, газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис, согтууруулах ундаа, тамхи, ноос ноолуур болон малын гаралтай ширхэгт материалын шинжилгээг орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурлан гүйцэтгэх боломж бүрджээ.

Мөн 2023 онд Олон улсын итгэмжлэгдсэн лабораториудын хамтын ажиллагаа болон БНХАУ-ын Итгэмжлэлийн үндэсний албаны (CNAS) итгэмжлэлд хамрагдсан нь лабораторийн шинжилгээний үр дүнг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэхэд чухал алхам болсон юм.
Гаалийн төв лаборатори 30 жилийн хугацаанд барааны найрлага, шинж чанарыг тодорхойлох, барааны ангиллын кодыг тогтоох, гаалийн хяналт шалгалтад шаардлагатай шинжилгээ, магадлан шинжилгээний дүгнэлт гаргах чиг үүргээ хэрэгжүүлж ирсэн бөгөөд цаашид шинжлэх ухаан, инновац, олон улсын стандарт, дэвшилтэт технологид суурилсан үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Түүхт 30 жилийн ойн хүрээнд 2026 оны аравдугаар сарын 23-ны өдөр Гаалийн ерөнхий газрын байранд “Шинжлэх ухаанд суурилсан гаалийн магадлан шинжилгээ” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, лабораторийн хөгжил, цаашдын чиг хандлага, салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцжээ.



Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...