НИЙСЛЭЛ ХОТЫН 387 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ АРАВДУГААР САЫН 24-30-НЫ ӨДРҮҮДЭД ҮРГЭЛЖЛЭЖ БАЙНА
- schedule Өчигдөр 20 цаг 44 минут
- chat_bubble 0
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойг тохиолдуулан нийслэлд соёл, урлаг, спорт, хүндэтгэлийн олон талт арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Энэ сарын 24-нөөс 30-ны өдрүүдэд үргэлжлэх ойн хөтөлбөрт үндэсний бөхийн барилдаан, хүүхдийн найрал дууны наадам, театрын уран бүтээлийн нээлт, үзэсгэлэн худалдаа, кино наадам болон иргэдэд зориулсан соёлын арга хэмжээнүүд багтжээ.
1639 онд Өргөө нэртэйгээр үүссэн түүхтэй Улаанбаатар хот өнөөдөр Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын гол төв болон хөгжиж байна. Нийслэлийн түүхэн ойг тэмдэглэх хүрээнд энэ сарын 24-нд Монгол бөхийн өргөөнд 256 бөхийн барилдаан зохион байгуулагдсан бол аравдугаар сарын 28-нд хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт болон “Улаанбаатар” жүжгийн нээлт болохоор төлөвлөгджээ.
Харин нийслэлийн ой тохиох аравдугаар сарын 29-нд хүндэтгэлийн ёслол, Нийслэлийн туг мандуулах арга хэмжээ, Сүхбаатарын талбайд дууны нээлттэй микрофоны үйл ажиллагаа зохион байгуулагдана.
Мөн аравдугаар сарын 30-нд нийслэлийн иргэд, төрийн албан хаагчдад шагнал гардуулах арга хэмжээ болох юм.
Ойн хүрээнд зохион байгуулагдаж буй эдгээр арга хэмжээ нь нийслэлийн түүх, соёлын өвийг олон нийтэд сурталчлах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хотын соёлын амьдралыг идэвхжүүлэхэд чиглэж байна.
Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнүүд энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ. Иргэдийг ойн хүрээнд зохион байгуулагдах соёл, урлагийн арга хэмжээнд оролцож, нийслэл хотынхоо түүх, хөгжил, бүтээн байгуулалттай танилцахыг зохион байгуулагчид уриалж байна.


Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...