“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКТ 100 ГАРУЙ АЖ АХУЙН НЭГЖ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЖЭЭ
- schedule 40 минутын өмнө
- chat_bubble 0
Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогод баруун бүсэд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалтын түвшинг сайжруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийг Ховд аймгийн Жаргалант суманд байгуулахаар төлөвлөсөн.

Бүтээн байгуулалт нь 2022 онд эхэлсэн. Автозам, цахилгаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, мэдээлэл холбооны шугам сүлжээ, арьс ширний цэвэрлэх байгууламж, уурын дулааны станц зэрэг найман төрлийн дэд бүтцийн ажил 95 хувьтай үргэлжилж байна. Эдгээр ажилд 60.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Засгийн газраас дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нь бүрэн шийдвэрлэн ажиллаж байна. Бүтээн байгуулалт нь 2027 онд дуусаж, 2200 хүн шинээр ажилтай болох юм байна.

Засгийн газрын тэргүүн Ховд аймагт ажиллах үеэрээ “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн талбайд ажиллаж, тулгарч буй асуудлыг нь шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Тус паркт 100 гаруй аж ахуйн нэгж үйлдвэр байгуулах хүсэлт ирүүлжээ. Цаашид паркаа өргөжүүлж, хүнд үйлдвэрлэлийн бүс болгохоор ажиллаж байгаа аж.
Цэвэр бохир усны холболтын ажил болон үйлдвэрлэл, технологийн паркт үйлдвэр байгуулах аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг хэрэгтэй байгаа талаар болон бизнес инкубатор, технологи дамжуулах төв зайлшгүй шаардлагтайг “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн гүйцэтгэх захирал С.Батсайхан танилцууллаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...