ХҮНИЙ НЭР ТӨР, АЛДАР ХҮНДИЙГ ГУТААСАН МЭДЭЭ НИЙТЛЭЛИЙГ ТАРААСАН АРГА, ХЭЛБЭР, ХЭРЭГСЛЭЭР НЯЦААЛТ ХИЙХИЙГ ДААЛГАЛАА
- schedule Өчигдөр 16 цаг 44 минут
- chat_bubble 0
Нэхэмжлэгч С.Чулуун нь хариуцагч Г.Мөнх-Эрдэнэд холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ нийтлэлийг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд хариуцагч Г.Мөнх-Эрдэнэ нь өөрийн фэйсбүүк хаягтаа нийтэлсэн постынхоо үндэслэлийг баримтаар нотолж, судлаачийн хувиар шүүмжлэл илэрхийлсэн байх тул бодит байдалд нийцээгүй мэдээлэл тараасан гэж дүгнэх үндэслэлгүй, хариуцагчийг нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх байдал нотлогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндэд халдсан гэхээс илүүтэйгээр түүний ажил хэргийн үйл ажиллагаатай холбоотойгоор шүүмжлэлийг бичсэн, нэхэмжлэгч нь нийтийн зүтгэлтний хувьд хэвлэл мэдээллийн хяналтад байнга өртөх онцлогтой тул ... шүүмжлэлийг илүү өргөн хүрээнд хүлцэн тэвчих үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэг салбарт ажилладаг судлаачийн хувьд тодорхой баримтад тулгуурлан өөрийн санал, шүүмжийг илэрхийлсэн, мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн байх тул илт худал мэдээлэл тарааж ажил хэргийн нэр хүндэд халдсан гэх үндэслэлгүй гэж дүгнэв.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд хариуцагч Г.Мөнх-Эрдэнэ нь өөрийн нийтэлсэн мэдээллийг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг хэрэгт авагдсан баримтаар нотолж чадаагүй байхад хоёр шатны шүүх уг нийтлэлийг шүүмжлэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул анхан болон давж заалдах шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...