НИЙСЛЭЛИЙН 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЛЭЭ
- schedule 2026 оны 10 сарын 26
- chat_bubble 0

Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 387 жилийн ойд зориулсан улс, аймаг, сумын цолтой 256 хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.
Бөхийн барилдааны зүүн жигүүрийг Монгол Улсын аварга О.Хангай, баруун жигүүрийг Монгол Улсын арслан Ц.Бямба-Отгон, зүүн талын дагавар магнайд Монгол Улсын заан Д.Анар, баруун талын дагавар магнайд Монгол Улсын харцага Э.Даш нар манлайлан барилдлаа.
Нийслэлийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан 1994 оноос эхлэлтэй билээ. Тухайн жилийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын аварга О.Балжинням үзүүрлэж байсан түүхтэй юм. Өнөөдөр тэрхүү сайхан уламжлалыг үргэлжлүүлэн хүчит 256 бөх бяр чадлаа сорилоо.
Хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Монгол Улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Булган аймгийн Орхон сумын уугуул, Монгол Улсын начин Энхбатын Сумъяабат үзүүрлэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, НИТХ-ын дарга Д.Ихбаяр шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүдэд шагналыг нь гардуулан өглөө.
Эх сурвалж: ulaanbaatar.mn
Ойн барилдааныг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгууллаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...