Х.НЯМБААТАР НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ДАРГЫН СУУДЛАА ӨГЧ, УЛС ТӨРӨӨС ТҮР ЗАВСАРЛАХАА МЭДЭГДЛЭЭ
- schedule Өчигдөр 20 цаг 23 минут
- chat_bubble 0

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаа хүлээлгэн өгч, улс төрийн үйл ажиллагаанаас түр завсарлага авахаа мэдэгдлээ.
Энэ сарын 7-нд болсон Нийслэлийн МАН-ын хорооны 36 дугаар Бага хурлаар шинэ даргыг сонгосон бөгөөд Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагва төлөөлөгчдийн 97.5 хувийн саналаар сонгогджээ.
Хуралд Х.Нямбаатар цахимаар оролцож, өмнөх хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулсан байна. Улмаар улс төрийн бүх албан тушаалаа өгч, хэсэг хугацаанд улс төрөөс завсарлага авахаа мэдэгджээ.
Ийнхүү тавдугаар сард нийслэлийн Засаг даргын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Х.Нямбаатар энэ удаа нийслэлийн намын байгууллагын удирдлагын суудлаа мөн хүлээлгэн өгч байна.
Үүнээс гадна түүний нэр Туулын хурдны замын төсөлтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд холбогдон яригдаж байгаа юм. Авлигатай тэмцэх газраас 2026 оны есдүгээр сарын 25-нд Х.Нямбаатарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт яллагдагчаар татсан талаар мэдээлсэн. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Харин Х.Нямбаатар аравдугаар сарын 18-нд цахим хуудсаараа дамжуулан Туулын хурдны замын төслийн урьдчилгаа төлбөрийг өөрөө аваагүй гэдгээ мэдэгдэж, хууль хяналтын байгууллагад очиж шалгуулахаа илэрхийлсэн байна.
Ингэснээр Х.Нямбаатар нийслэлийн захиргаа болон нийслэлийн намын удирдлагын албан тушаалаас бүрэн чөлөөлөгдөж, цаашид улс төрийн үйл ажиллагаанд хэрхэн оролцох нь анхаарал татаж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...