ИХ ЗОХИОЛЧ Д. НАЦАГДОРЖИЙН 120 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
- schedule 2026 оны 11 сарын 18
- chat_bubble 0

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. Хуралд дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид оролцож, их зохиолчийн амьдрал, уран бүтээл, судалгааны өвийг шинэ эх сурвалж, судалгааны арга зүйд тулгуурлан хэлэлцэв.
Тус хуралд олон орны эрдэмтэн, судлаачид оролцож, орчин үеийн утга зохиол, хэл шинжлэл, намтар судлал болон салбар дундын судалгааны чиглэлээр илтгэл хэлэлцүүлсэн юм.
Хурлын үеэр их зохиолчийн намтар, соён гэгээрүүлэх үйл хэрэг, нийгмийн шинэчлэл, уран бүтээлийн онцлог, хэл найруулга, эх бичиг, архивын баримт болон орчуулгын судалгааны асуудлыг хөндлөө.
Мөн их зохиолчийн амьдрал, уран бүтээл, эрдэм шинжилгээний өвийг олон нийтэд таниулах зорилгоор “Д.Нацагдорж – 120” тусгай үзэсгэлэнг дэлгэсэн байна. Үзэсгэлэнд 30 гаруй эд өлгийн зүйл, 10 гар бичмэл, 50 орчим судлалын ном, 30 гэрэл зураг, архивын 20 орчим ховор баримтыг дэлгэн үзүүлжээ.
Ойн арга хэмжээний хүрээнд их зохиолчийн бүтээлийн судалгаа, эх бичиг, үгсийн санг хамарсан “Д.Нацагдоржийн бүрэн түүвэр” хоёр ботийг хэвлэн нийтийн хүртээл болгосон нь судлаач, уншигчдад чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.
Ийнхүү Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлууд нь их зохиолчийн өвийг олон улсын түвшинд сурталчлан таниулах, Нацагдорж судлалыг шинэ эх сурвалж, судалгааны үр дүнгээр баяжуулах, Монголын утга зохиол, соёлын өвийг дэлхийд таниулахад чухал хувь нэмэр оруулж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...