МОНГОЛБАНК 6.9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХУРИМТЛАГДСАН АЛДАГДАЛТАЙ БАЙНА
- schedule 2026 оны 11 сарын 18
- chat_bubble 0

Монголбанк санхүүгийн хүндрэлд оржээ. Тодруулбал, 2012-2025 оны хооронд хуримтлагдсан алдагдал нь 6.9 их наяд төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөг болсон байна. Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 15.5 их наяд төгрөгт хүрчээ.
Алдагдал ийнхүү нэмэгдэхэд өмнөх жилүүдэд Монголбанкнаас хэрэгжүүлсэн ипотекийн зээл, үнэ тогтворжуулах болон бусад төсвийн шинжтэй хөтөлбөрүүд нөлөөлсөн гэж тус банк тайлбарлаж байна. Тухайлбал, 2012 оноос хойш эдгээр хөтөлбөрт нийт 15.8 их наяд төгрөгийн санхүүжилт олгожээ.
Мөн зах зээл дэх илүүдэл мөнгийг татах зорилгоор гаргасан төв банкны үнэт цаасны хүүгийн зардал алдагдлын томоохон хэсгийг бүрдүүлж байгаа аж.
Тэгвэл хуримтлагдсан алдагдлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монголбанкны удирдлагуудтай уулзах үеэр Төв банкны санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор Засгийн газрын урт хугацаат тусгай үнэт цаас гаргах саналыг дэмжсэн байна.
Төлөвлөгөөгөөр жил бүр 1.5 их наяд төгрөгийн тусгай үнэт цаас гаргаж, 25 жилийн хугацаатай байхаар тооцжээ. Эхний таван жилд үндсэн болон хүүгийн төлбөр хийхгүй бөгөөд 2032 оноос улсын төсөвт жилд ойролцоогоор 500 тэрбум төгрөгийн зардал үүсэхээр байгаа юм.
Харин энэ арга хэмжээг хэрэгжүүлээгүй тохиолдолд 2032 оноос төсвийн урсгал зардал жилд дунджаар 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдэх эрсдэлтэй гэж Монголбанк тооцсон байна.
Үүнээс гадна цаашид Монголбанкаар дамжуулан төсвийн шинжтэй хөтөлбөр санхүүжүүлэхийг хуулиар хориглох эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлийг Сангийн яам болон Монголбанкинд өгчээ.
Энэ асуудал зөвхөн төв банкны санхүүгийн алдагдлаар хязгаарлагдахгүй. Монгол Улсын инфляц 2026 оны аравдугаар сард 13.4 хувьд хүрч, эдийн засаг 7.6 хувиар өссөн ч өрхийн бодит орлого 4.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Өөрөөр хэлбэл, эдийн засаг өсөж байгаа ч үнийн өсөлт иргэдийн худалдан авах чадварт дарамт учруулсаар байна.
Тиймээс Монголбанкны алдагдлыг шийдвэрлэхийн зэрэгцээ мөнгөний болон төсвийн бодлогын уялдааг сайжруулж, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах нь тулгамдсан асуудал болж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...