БОГДХАН УУЛЫГ 15,3 КМ НҮХЭЛЖ ЗГ-ЫН ОРДОН, ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫГ НҮҮЛГЭНЭ
- schedule 2024 оны 4 сарын 4
- chat_bubble 0
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн байгууллагуудыг нийслэл хотоос үе шаттай бүсчлэн байршуулах бодлогын хүрээнд Засгийн газрын ордон, төрийн захиргааны зарим байгууллагын ажиллах нэгдсэн байрыг нүүлгэхээр төлөвлөж байна. Тодруулбал Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Номтын аманд байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайханд өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо. Түүнчлэн зураг төсөл боловсруулахад шаардагдах зардлыг танилцуулж, шийдвэрлүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасан байна.
Нүхэн гарц бүхий автозам, гүүр, гүүрэн байгууламжийг барьж байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан ахалж, Засгийн газрын зарим сайд гишүүнээр ажиллана. Нарийн бичгийн дарга нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч байх юм.
Захирамжийн хэрэгжилтийн явц, дүнг Засгийн газрын хуралдаанд 14 хоног тутамд танилцуулахыг Ажлын хэсгийн даргад Ерөнхий сайд үүрэг болголоо.
Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртлэх 15,3 км нүхэн гарц (туннел) бүхий авто замын урьдчилсан судалгаа хийж байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...