МАНСУУРУУЛАХ БОДИС УЛСЫН ХИЛЭЭР ОРУУЛЖ ИРДЭГ НАЙМАН БҮЛГИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
- schedule Өчигдөр 15 цаг 10 минут
- chat_bubble 0
Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд нартай уулзлаа. Засгийн газрын 2025 оны долоодугаар сарын 23-ны хуралдаанаар Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх арга хэмжээний талаар хэлэлцэж, шийдвэр гаргасан. Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг судлан үзэж, гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, үйлчлэл болон бусад обьектив талыг харгалзан ялгамжтай тогтоож, ял шийтгэлийн бодлогыг чангатгахыг Засгийн газраас чиглэл болгосон. Энэ хүрээнд Мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулж байна. Улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг таслан зогсооход гаднын улсууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Хар тамхитай тэмцэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж ажилласнаас хойш долоо хоногт 7-11 гэмт хэрэг илрүүлж, энэ төрлийн ургамлыг устгах ажил 95 хувьтай байна. Мөн синтетик төрлийн бодис улсын хилээр хууль бусаар оруулж ирдэг найман бүлгийг илрүүлж, эрүүгийн хариуцлага ногдлуулах ажил үргэлжилж байгааг Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд мэдээллээ.
Ерөнхий сайд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан, хараат бус байгууллага болгон бэхжүүлэх асуудлыг судалж, саналаа Засгийн газарт танилцуулах үүрэг болгосон. Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу тус албыг 145 орон тоотой байгуулахаар төлөвлөж байгааг энэ үеэр танилцууллаа.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...