Г.ГАНЦЭЦЭГ: МОНГОЛЫН ДУУЧИД ДЭЛХИЙД АМЖИЛТ ГАРГАЖ БАЙХАД ЯАГААД БИД ТЕАТРААРАА ХӨДӨЛМӨРЛӨЖ ДЭЛХИЙН ТЕАТР БОЛОХ БОЛОМЖГҮЙ ГЭЖ
- schedule Өчигдөр 12 цаг 44 минут
- chat_bubble 0
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр (УДБЭТ)-ын Уран сайхны удирдагч, хөгжим судлаач, дэд профессор Г.Ганцэцэгтэй ярилцлаа.
МОНГОЛЫН УРЛАГИЙН САЛБАРТ ТЭР ЧИГТЭЭ ӨӨРЧЛӨЛТ ХЭРЭГТЭЙ
-Дуурийн театрын уран сайхны удирдагч гэж яг юу хийдэг хүн бэ?
-Уран сайхны удирдагч гэдэг бол театрын уран бүтээл, урын сангийн бодлого, уран бүтээлчдийн ур чадвар, театрын хөгжлийн бодлогыг хариуцдаг хүн. “Уран” гэдэг үгийн үндэс нь ур, ухаан гэсэн утгатай. Тэгээд “сайхан” нэмэхээр уран тансаг хэмээх суурь ухаан нь ойлгогдох бизээ.
Уран бүтээлч, уран барилга, уран зохиол гэх мэт холбоо үгсийн уран гэдгийн суурь нь “ур” гэж байгаа биз. Өөрөөр хэлбэл, ур ухаанаар бүтсэн бүтээлийг, барилгыг, зохиолыг хэлж байна. ДБЭТ-т миний эрхэлж буй ажил бол зөвхөн дуурь, балетын жүжиг үзээд тэгнэ, ингэнэ гэж зааварладаг ажил биш.
Манайханд нэг ойлголтын зөрүү байдаг нь зөвхөн уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг хүн гэж боддог. Угтаа бол уран сайхны удирдагчийн ажил бол бодлогын түвшний ажил буюу Монгол Улсын сонгодог урлаг, мэргэжлийн урлаг, театр ямар түвшинд очих, хэрхэн хөгжих гэх мэт асуудлыг хариуцдаг хүн. Оросоор художественный руководитель, англиар artistic director гэдэг.
Энэ ажлын байранд хамтарч ажиллах саналыг ДБЭТ-ын захирал тавьж, энэ оны хоёрдугаар сарын 3-наас зохих журмын дагуу сонгон шалгаруулалтаар томилогдсон. Дуурь, балетын урлаг бол хөгжим суурьтай нийлэл урлаг. Миний бие хөгжим судлаач мэргэжилтэй. Соёл, урлагийн боловсролын байгууллагад хөгжмийн онолын багшаас сургуулийн захирал хүртэл алба хашихдаа бага, дунд, дээд боловсролын түвшинд уран бүтээлч бэлтгэх тал дээр 40 гаруй жил ажилласан.
Дэлхийн театрын хөгжил дэвшил, чиг хандлага, шинэ техник технологи ямархуу түвшинд хүрсэн зэргийг судалж, бодож байж ажилд орсон. Өнөөдрийн Монгол Улсын цорын ганц сонгодог урлагийн театрын нөхцөл байдал ямар байна вэ гэвэл өнгөрсөн зууны тогтолцооноос гараагүй, шинэ зууны хөгжил, дэвшил, харилцаа хандлагад шилжээгүй хоёр зууны зааг дээр байгаа нь анзаарагдсан.
-Хуучин, шинийн зааг гэдгээ жаахан дэлгэрэнгүй тайлбарлаач. Үзэгчид танай ягаан байшинг цагаахан хунт нуур бүжиж, сонгодог ая, эгшиг цуурайтсан гэгээлэг ертөнц л гэж төсөөлдөг шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Ард түмнээ соён гэгээрүүлэх үүрэгтэй мэргэжлийн урлагийн маш том байгууллага. ДБЭТ байгуулагдаад хагас зуун жил гаруй хугацаа өнгөрч байна. Дуурь, бүжгийн гэдэг нэр нь ойлгомжтой. Харин “эрдмийн” гэж нэрлэсэн нь зүгээр нэг хачир чимэг төдий биш. Дуурь, балетын урлаг бол тайзны том хэлбэрийн нийлэл урлаг. Гүнзгий судалгаатай, мэргэжлийн өндөр ур чадвартай уран бүтээлчдийн хамтын хөдөлмөрөөр бүтээгддэг агуулгаар “эрдмийн” гэдэг тодотгол байгаа юм. Дуурь бүжгийн эрдмийн театр гэдэг нэрийг 1981 онд авч байсан санагдаж байна. Энэ бол өнгөрсөн зуун. Дуурийн эх орон бол Итали, харин балетын эх орон бол Франц.
Хөгшин Европоос гаралтай энэ урлаг Монголд анх орж ирэхдээ Оросоор буюу хуучны ЗХУ-аар дамжиж орж ирсэн. XX зуунд ЗХУ-д мэргэжлийн урлаг, ялангуяа дуурь, балетын урлаг маш өндөр түвшинд хүрсэн.Тийм учраас манай бүх урлагийн, тэр дундаа мэргэжлийн урлагийнхан голдуу ЗХУ-аар бэлтгэгдсэн хүмүүс.
1990 онд ардчилсан хувьсгал ялаад манайд олон зүйл өөрчлөгдсөн. Гэвч зарим зүйл хуучнаараа царцаж үлдсэний нэг нь манай ДБЭТ.
Түүхэн он цагууддаа бол мэдээж олон сайхан уран бүтээлчидтэй, тэр цагийнхаа уран бүтээлийн арвин сантай мэргэжлийн урлагийн байгууллага болон хөгжиж үүргээ маш сайн гүйцэтгэсэн.
Гэвч өнөөдөр 21 дүгээр зуун гараад 25 жил болчихсон байна. 21 дүгээр зуунд хүн төрөлхтөн орж ирэхдээ технологи ийм хурдацтай хөгжинө, хиймэл оюун ухаан гэж зүйл гарч ирнэ гэж төсөөлөөгүй. Хурдны, технологийн энэ зуунд хүнээс шаардаж байгаа ур чадвар өөрчлөгдсөн. Гайхалтай мундаг мэргэжлийн дуучин, гайхалтай мундаг мэргэжлийн хөгжимчин гэж ярьж байсан бол одоо гайхалтай мундаг мэдрэмжтэй уран бүтээлчийг шаарддаг болсон байна. Энэ их өөрчлөлт нь хүн төрөлхтөнөөс дасан зохицох чадварыг хүссэн, хүсээгүй шаардаж байна.
Жилийн дөрвөн улиралтай нутагт дасан зохицох чадварыг өвөг дээдсээс бидэнд үлдээсэн. Гэвч өнөөдөр нийгэмд энэ өгөгдөл маань багассан, хуучиндаа дасчихсан, шинэчлэл рүү орох гэхээр хүлээн зөвшөөрөхгүй хандлага их, ойлгох хурд бага байна. Ялангуяа манай урлагийн салбарт системийн гажуудлаас үүссэн ойлголтын зөрүү, гажуудал байна.
Зөвхөн Дуурь, бүжгийн эрдмийн театрт биш, Монголын урлагийн салбарт тэр чигтээ өөрчлөлт хэрэгтэй, үүнийг нийтээрээ хүлээн зөвшөөрөх шаардлагатай юм байна. Өнгөрсөн зуунд мэдээллийг нэг л урсгалаар авдаг байсан бид өнөөдөр дэлхийн хаанаас ч мэдээллийг нэг секундэд авч чадаж байна. Ийм их хурдад дасан зохицож чадахгүй байсаар XXI зууны дөрөвний нэгийг барна гэдэг бол маш харамсалтай.
ДБЭТ-ЫН ДОТООД БҮТЭЦ ХУУЧИН НИЙГМИЙН ТОГТОЛЦООГООР ӨНӨӨГ ХҮРСЭН, УРЫН САНГИЙН ХУВЬД Ч ЗУУН ЖИЛЭЭР УРАГШЛААГҮЙ…
-Театрын хөгжил хуучнаараа гацсан гэдэгт барилга байшинг бол мэдээж хэлээгүй байх…?
– Зөвхөн урлагийн байгууллагууд биш, ер нь бараг бүх байгууллагууд социализмын үед л Оросын жишгээр байгуулагдсан шүү дээ. Гэхдээ өнгөрсөн 30 жилд улс орны материаллаг тал нь хөгжиж өөрчлөгдөөд, оюун, сэтгэлгээний тал нэлээд хоцрогдчихлоо. Сэтгэлгээний тал гэдэгт урлагийнхан бид орно. ДБЭТ-ын барилгын хувьд 75 жилийн насжилттай учраас мэдээж элэгдсэн. Архитектурын хувьд бол гайхалтай шийдэл. Барилга байшинг өөрчилж, шинэчлэх асуудал төрийн хэмжээний ажил учраас би ярих нь илүүц. Харин чанартай уран бүтээл туурвих, ард түмнээ соён гэгээрүүлэх, сонгодог урлагаар хүмүүжүүлэх нь бидний үйл хэрэг. Байгууллагын стратеги төлөвлөлт, хөгжлийн бодлого, эрх зүйн болон театрын орчинг дотоод нөхцөл боломж дээр тулгуурлан сайжруулах, бүтэц, зохион байгуулалт зэргийг шинэчлэх бол бидний хариуцах ажил шүү дээ.
ДБЭТ-ын дотоод бүтэц бол хуучин нийгмийн тогтолцоогоор өнөөг хүрсэн. Урын сангийн хувьд ч XIX, XX зуун хавьцаа л байна. XXI зуун гараад 25 жил өнгөрсөн хэдий ч шинэ зууны шинэлэг бүтээл урын санд бараг байхгүй. Орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын түүхэн сэдэвтэй, өнгөрсөн түүхээсээ сэдэвлэсэн цөөн бүтээлүүд бий. Ерөнхийдөө урын сангийн хувьд бүтэн 100 жилээр урагшлаагүй гэхэд хилсдэхгүй.
Сонгодог гэдэг чинь зөвхөн он цагийн урттай, хуучны бүтээлүүд биш шүү дээ. XXI зууны иргэдэд үйлчлэхийн тулд энэ цаг үеийнхээ бүтээлийг бас толилуулах хэрэгтэй. Одоо хиймэл оюун ухаанаар дуурь, балетууд бичигдээд эхэллээ. Залуучуудын сонирхол технологи руу түлхүү тэмүүлж байна. Инженерчлэл буюу бүтээгдмэл оюун ухаанаар зохиогдсон бүтээлүүд мэдээж алдаа мадаггүй. Тэнд гагцхүү сэтгэл, сэтгэлийн хөөрөл, хөдөлгөөн, хүнээс гардаг мэдрэмж үгүй.
Тэгвэл AI-гаас гарахгүй, зөвхөн хүнээс л гарч мэдрэгддэг мэдрэмжийг авах гэж ДБЭТ-ыг зорино. Хүний дотоод ертөнц, сэтгэл, сэтгэлгээний тэр нандин увдисыг, торгон агшнуудыг мэдрэх гэж театрт орж ирдэг. Өнөөдөр хүн төрөлхтөнд цоо шинэ байгаа хиймэл оюун ухаан 20,30 жил энэ эрчээрээ явах л байх. Тэр цагт хүмүүс буцаад мэдрэмжээ, сэтгэлээ санана. Зэрэгцээд хүний өөрийнх нь бие, сэтгэл, махбод, оюун ухаан, авьяас чадвараар илэрхийлэгддэг үнэт зүйлс хөгжөөд л явна. Үүний төлөө ажиллах нь бидний гол зорилго, үнэт зүйл. Театрын үнэ цэн ерөөсөө энд л байгаа.
БИД 2030 ОН ХҮРТЭЛ ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ХЭРЭГЖИХ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ ХИЙСЭН
-Тэгвэл Та уран сайхны удирдагчаар томилогдож ирээд ямар ажил хийв. Хуучин тогтолцоондоо царцсан театрын хөгжлийг мэдээж ирээдүй өөд урагшлуулах хэрэгтэй биз дээ?
-ДБЭТ-ынхаа алсын хараа, үнэт зүйл, эрхэм зорилго нь юу юм гэдэг асуултыг өөртөө тавиад бодлогын бичиг баримтуудтайгаа танилцана шүү дээ. Эндээсээ дараагийн хөгжлийн стратеги төлөвлөгөөгөө боловсруулж, батлуулсан. Өмнөх стратеги төлөвлөгөө 2024 оноор дуусгавар болсон байсан. Бид 2030 он хүртэлх гурван үе шаттай хэрэгжих стратеги төлөвлөгөөг хийсэн. Эхний үе шатанд тогтолцооны өөрчлөлт хийх, дараагийн үе шатанд тогтолцоогоо шинэчлэх, харин сүүлийн үе шатад тогтолцоог тогтвортой хөгжүүлэхээр стратеги төлөвлөгөө боловслуулан ажиллаж байна.
ДБЭТ-ийн эрхэм зорилгыг “Дэлхийн стандарт бүхий үндэсний театр болно” гэж томьёолсон. Үндэсний театр болно гэхээр үндэсний дуу, хөгжим, бүжиг гэсэн үг биш. Театр нь өөрөө дэлхийн стандартаар бүтээлээ туурвидаг үндэсний театр байна гэсэн санаа.
Гадаад, дотоодын том уран бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд ард түмэндээ хүргэх эрхэм зорилго тавьж байгаа юм. Энэ бол цаанаа маш том соён гэгээрлийн асуудал. Нэг талаасаа мэргэжлийн урлагийн байгууллага ч гэсэн нөгөө талдаа бид ард түмэндээ соён гэгээрүүлэх том үйлчилгээг үзүүлдэг. Миний хувьд асуудлыг их олон талаас нь харахыг хичээж байна.
Стратегиа боловсруулсны дагуу бүтцээ, дүрмээ шинэчлэх ажлыг хийсэн. За тэгээд уран бүтээлчдийнхээ чадавх чансааг тодорхойлох, мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, урын санг баяжуулах гээд олон ажлыг зэрэг эхлүүлсэн. Урын сан гэдэг бол ДБЭТ-ын маш чухал үнэт зүйлийн нэг. Үе үеийн уран бүтээлчид олон сайхан урын санг бий болгосон. Хэрхэн яаж хадгалж хамгаалж үлдэх вэ гэдэг дээр ажиллаж байдаг. Хөгжмийн зохиолчдоос өгсүүлээд техникийн ажилтнууд, үйлчлэгч хүртэл энэ урын сангийн төлөө бүгд санаагаа чилээдэг.
Бид гадагшаа урсгалтай болох бас нэг том зорилтыг тавьсан. Бид энэ байшин дотроо л өнхрөлдөөд байгаад байх юм уу. Гадаад ертөнцөд юу болж байна, тэндээс юуг нь авах вэ, гадагшаа юугаа гаргах вэ гэдэг бол бодлогын том асуудал. Дотоод хамтын ажиллагаагаа ч эрчимтэй хөгжүүлж эхэлсэн. СУИС, МУИС, МУК гээд салбарынхаа гурван том мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулсан. Гэхдээ зөвхөн урлагийн салбар дотроо л эргэлдээд байвал бас учир дутагдалтай.
Тиймээс бизнесийнхэнтэй, хуулийнхантай, төр, төрийн бус байгууллагынхантай, хувь иргэдтэй хамтран ажиллаж эхэлж байна. Гадаадын уран бүтээлчдийг урилгаар авч ирж байна. Гадагшаа бас уран бүтээлчдийг гаргахыг зорьж байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр ДБЭТ-аас 110 хүний бүрэлдэхүүнтэй баг Улаан-Үдийн театрт очиж ,Аида дуурь тоглосон. Арван жилийн дараа өргөн бүрэлдэхүүнтэй гарсан. Эргээд Буриадын театр манайд мөн төдий хэмжээний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирж эхлээд дөрөвдүгээр сард Кармен дуурь, гала тоглолт, дараа нь 60 хүний бүрэлдэхүүнтэй “Хунт нуур”-балетыг толилууллаа.
Мөн Солонгос, Хятад, Орос, Герман, Австри зэрэг улсуудтай хамтын ажиллагаа тогтоов. Большой театрын балетын тэргүүн хоёр гоцлооч, Тяньжины балетын театрын тэргүүн гоцлол бүжигчин ирлээ. Мөн Америкаас манай театрын бүжигчин Анужин, Нацагдорж нар ирж маань ирж Жизель, Хунт нуур балетуудад амжилттай бүжиглэлээ. Германуудтай, Солонгосчуудтай хамтарч орчин үеийн бүжгийн бүтээл туурвисан гэх мэтээр шинэ уран бүтээлүүд хийсээр байна. Австрийн Соёлын нийгэмлэгтэй хамтран Австрийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс сонгон дуулаачийн болон хөгжмийн бүтээлээр сонгодог үдшийг зохион байгуулж, Австрийн төгөлдөр хуурч, удирдаач Матиясс дуучдад мастер класс, хөгжимчдийн найрал хөгжмийн бүтээлүүд дээр ажиллаж хамтарсан тоглолтыг амжилттай толилууллаа. Энэ мэтчилэн дошноосоо хальж, дэлхийн стандартаас суралцах алхмууд хийгдэж байна.
Уран бүтээлчдээ хөгжүүлэх сургалтад хамрууллаа. Байгууллагынхаа эрсдэл, чанар, удирдлагын менежментийг сайжруулахаар гурван сарын хугацаатай зөвлөх үйлчилгээ авч 22 ажилтныг сургалтад хамруулж, харин уран бүтээлчиддээ найман төрлийн сургалт явуулжээ.
Уран бүтээлийн томоохон байгууллага учраас 1-2 жилээр урьдчилж төлөвлөхөд ихээхэн анхаарч байна. Жишээ нь, дэлхийд нэр алдраа цуурайтуулж буй дуучдыг урьж дуулуулахын тулд эртнээс төлөвлөх шаардлагатай. Манай СУИС-ийн баритон хоолойтой төгсөгчид маань дэлхийд Монголынхоо нэрийг хадааж байна. Сүүлийн үед сопрано, басс, тенор хоолойтнууд гарч ирж байна. Энэ сайхан дуучид маань Монголдоо ирээд сурсан туршлагаа хуваалцаж, нөмөр нөөлөг болно гэж итгэж байгаа даа. Үүний тулд бид уран бүтээлийн хуваарийг урьдчилж их эрт гаргах хэрэгтэй. Цаашид бид ирэх жилээс уран бүтээлийн төлөвлөлтийг нэг сарыг бүхэлд нь балетын сар, дараагийн сарыг дуурийн сар гээд сөөлжилж явахаар төлөвлөж байна. Дэлхийн театруудын жишгээр хийж буй ажил. Нэг дүрд олон хүн оролцох боломж ч бас гарна. Энэ мэт хийх ажлууд, бодох, төлөвлөх зүйл маш их байна даа.
ШИНЭ БҮТЦЭЭР ДУУРИЙН ТЕАТРЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТҮВШИНД ПРОДЮСЕРҮҮД АЖИЛЛАХААР БОЛСОН
-Та “эрдмийн” гэдэг тодотгол нь чимэг төдий үг биш гэсэн. Бас дуурийн урлаг бол хөгжим суурьтай урлаг гэсэн. Тэгэхээр Дуурийн театрын дотоод онцлогийн талаар ярьж өгнө үү?
-Би анх томилогдож ирэхдээ дэлхийн дуурийн театрууд, “эрдмийн” гэсэн тодотголтой манайтай ижил төстэй театрууд хэрхэн яаж хөгжиж байна, хөгжлийн аль шатандаа явна, уран бүтээл, урын сан нь юу байна гэх зэргийг жаахан судалж орж ирсэн. Би өөрөө хөгжим судлаач хүн. Ингээд судлахад манайх шиг академик театр дэлхийд их цөөхөн байна.
Хуучин социалист системийн улсуудын театрууд бараг бүгдээрээ эрдмийн шахуу театрууд. Эрдмийн театр бол түрүүний миний хэлснээр судалгаанд суурилсан мэргэжлийн маш өндөр түвшний уран бүтээл туурвидаг газар. Ер нь аль ч дуурийн театрын хувьд тулгын гурван чулуу бий.
Дуурийн театр бол хөгжим суурьтай театр. Тийм ч учраас уран бүтээлүүд дандаа хөгжмийн зохиолчоор овоглодог. Жишээлбэл, Верди, Пуччини, Чайковскийн дуурь, балет гэх мэтээр. Тэр бүтээлиийг дуучнаар дамжуулж илэрхийлбэл дуурь болоод байгаа байхгүй юу. Харин тэрхүү хөгжмийн бүтээлийг хүний уян налархай биеийн хөдөлгөөнөөр дамжуулж илэрхийлэхээр балет болж байгаа юм. Энгийнээр тайлбарлахад иймэрхүү.
Театр маань хөгжим суурьтай учраас хамгийн гол нэг тулгуур багана нь найрал хөгжим. Удаах нь найрал дуучид, дуурь нь дуулаачийн том хэлбэрийн бүтээл тул дуулах урлаг талаасаа гоцлол дуучид болон найрал дуучид гол үүрэг гүйцэтгэнэ. Найрал дуучид бол байнгын үйл ажиллагаатай байна, харин гоцлол дуучдыг урилгаар, гэрээгээр ажиллуулдаг зарчим дэлхийд үйлчилдэг. Балетын урлаг бас гоцлооч болон кордебалетынхантай. Тэгэхээр масс буюу найрал дуучид найрал хөгжимчид, балетчид маань тухайн театрын бас үндсэн тулгуур баганууд нь юм. Мэдээж ур чадвараараа ялгарсанууд нь гоцолж байгаа шүү дээ.
-ДБЭТ-ын бүтцийг өөрчилсөн нь танай зарим уран бүтээлчдэд таалагдаагүй юм болов уу гэж ойлгосон. Ямар шинэ бүтцийг яагаад хийснээ тайлбарлаж өгнө үү?
-Шинэ бүтцийн зураглалаар ДБЭТ дөрвөн том бүтэцтэй болсон. Дуурийн театр, Балетын театр, Хөгжмийн хүрээлэн, Тайз технологийн алба гэсэн ийм дөрвөн том бүтцийг бий болгосон. Энэ бол ДБЭТ-ийг дотор нь хуваагаад нэг, нэгэнд нь хамааралгүй болгож байгаа хэлбэр ерөөс биш. Дуурь бүжгийн эрдмийн театр гэдэг нэг том малгай нь бодлогоо боловсруулж, харин гүйцэтгэлээ дуурь нь дуурийн театрын бүтцээр, балет нь балетын театрын бүтцээр менежментээ хийж хөгжих учиртай. Тус бүрдээ продюсертой. Дуурийн, балетын, хөгжмийн, тайз технологийн продюсерүүдтэй байна. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэлийн түвшинд продюсерууд ажиллана.
Продюсер гэдэг нь зөвхөн хувийн хэвшилд л ажилладаг хүн биш шүү дээ. Жишээ нь, дуурийн продюсерээр Италид дуулаачаар болон найруулагчаар төгсөж ирсэн Нямдорж гэж залууг ажиллуулахаар сонгон шалгаруулалтаар авсан. Хөгжмийн хүрээлэнд найрал хөгжмийн гоцлол хөгжимчин Сэргэлэнбатыг, Балетын театрт манай уран бүтээлийн албаны дарга байсан Бэхтулга гэж залууг томиллоо. Уран бүтээлийн, уран сайхны, урын сангийн бодлогыг Уран сайхны зөвлөл, гүйцэтгэлийг эдгээр дөрвөн нэгж хариуцаж ажиллана гэсэн үг.
Театрын их чухал хэсэг бол яах аргагүй тайз, технологийн ажил. Дуулдаг, хөгжимддөг, бүжиглэдэг нь бүтээл туурвих бол тайзны технологи, засал чимэглэл, хувцас, дизайн, гэрэлтүүлэг, дуу авианы технологийн бүхий л асуудал зөвхөн тэдний хүрээлэнгээс хамаарна. Тайзны засал орчин үед үйлдвэрлэлийн томоохон технологи болсон. Ганц тайзны ажилтан, машинист, гэрэл, дуу шумны ажилтан тус тусдаа ажил гүйцэтгэх нь өнгөрсөн зууны ажил болсон. Харамсалтай нь манай Дуурийн театрын тайзны ажил өнөөдөр ийм байгаа. Тийм учраас бид тайзны технологи, стандартыг дэлхийгээс судлаад тэр зүг рүү зорихыг хүсч бие даасан бүтэцтэй болгосон. Дуучны араас гэрэлтүүлэгч гэрлээ бариад дагаж явуулдаг үе аль хэдийн ард өнгөрсөн. 21-р зуун бол технологийн зуун.
Манай Монголын соёл, урлагийн салбарт өмнө нь ийм бүтэц байгаагүй, цоо шинээр боловсруулагдаж байгаа тул хүлээж авах тал дээр гайхаж байж мэднэ. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал. Гол нь бид хурдны зуунд амьдарч байгаа учраас хөгжилтэй улс орны туршлагаас бүтээлчээр суралцаад хурдан хэрэгжүүлэх тухай л асуудал.
Нөгөө талаар урлаг гэдэг чинь өөрөө маш том сахилга бат байхгүй юу. Сахилга батыг зөрчвөл урлагийн чанарт нөлөөлдөг. Тийм учраас уран бүтээлчдийн сахилга бат, ажиллах цагийн хуваарь, өөрсдийгөө байнга хөгжүүлэх, хөдөлмөрлөх зэрэг асуудлуудыг бодлогын баримт бичгүүд дээрээ суулгаж өгсөн.
ТОГТОЛЦООНЫ ГАЖУУДЛААС УЛБААЛСАН ҮЛ ОЙЛГОЛЦОЛ ГАРЧ БАЙНА
-Уран сайхны удирдагч бол их туршлагатай, тэргүүлэх уран бүтээлчдийн хийдэг ажил гэж сэтгүүлч Р.Оюунжаргал бичсэн байсан.Та бол насаараа л урлагийн байгууллагад ажилласан мэргэжлийн хүн. Бусад театруудад ямар хүн ажилладаг юм бол?
-Ер нь урлагийн байгууллагын удирдах албан тушаалтнууд ихэвчлэн тэргүүлэх уран бүтээлчид байдаг. Тэргүүлэх уран бүтээлчид гэдэг нь хөгжмийн зохиолч, удирдаач, хөгжим судлаач, найруулагчид гэсэн хүмүүс. Perrorming art буюу гүйцэтгэх уран бүтээлчид бол дуучид, хөгжимчид, бүжигчид, жүжигчид гээд явна. Мэдээж тэрэн дээр удирдахуй, маркетинг, менежментэд суралцаж байж байгууллагын удирдлага болох байх. Хүн болгон мэдээж лидер биш. Би ч тийм лидер мидер нь биш. Ноотны ухаанд суралцсан, хөгжим судалдаг мэргэжилтэй. Хөгжим судлахын тулд ноотыг, хөгжмийн онолыг тэргүүн эгнээнд нэлээн өндөр түвшинд үзэх хэрэгтэй байдаг.
Хөгжим судлаачдын бас нэг том барих юм бол маш сайн төгөлдөр хуурчид байх ёстой байдаг. Төгөлдөр хуур дээр хүний ямар ч бүтээлийг тоглоод, анализ, задлан шинжилгээ хийх чадварт суралцдаг. Хөгжим судлаач гэдэг бол хөгжмийг бүхий л талаас нь судлахыг хэлнэ. Миний ажлын туршлага гэвэл багш, төгөлдөр хуурч, дараа нь Ленинградын консерватори, Ереваны хөгжмийн дээд сургуулийг хөгжим судлаач, онолч, хөгжмийн онолын багшаар төгссөн. Дуурийн хөгжим, симфони, балетын хөгжим гээд бүх л хөгжмийг судалдаг учраас хөгжим судлаачид аливааг нэлээд өргөн хүрээнд судалдаг болж төлөвшдөг.
Миний хувьд, бүх шатны боловсролын байгууллагад ажилласан. Ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн стандартын асуудлаар ажилласан. Хөгжим өөрөө хүнд яаж нөлөөлдөг юм, хөгжим хүнийг яаж анагаадаг юм, хөгжмийг хүн бүрт яаж хүртээмжтэй болгох вэ гэх зэрэг ажлаар нэлээд өргөн хүрээнд ажилласан л даа. Насаараа л боловсролын салбарт ажилласан хүн болохоор уран бүтээлийн салбар руу орж ирнэ гэж ер нь бодоогүй явсан. Гэхдээ багшаас судлаач болж, дээр нь 15 жил сургуулийн удирдах албан тушаалд ажиллаж, улмаар уран бүтээлийн байгууллагад ажиллах санал тавьсныг хүлээн авч театрын хөгжилд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна даа.
Ажилласан хугацааны зургаан сараа эргээд дүгнэхээр бас ч гэж их ажил амжуулж. Түрүүнд хэлсэнчлэн, тогтолцооны гажуудлаас улбаалсан үл ойлголцол байна. Сонгодог урлагийн театр хуучин систем дээрээ гацсаар байх уу, дэлхийн театртай эн зэрэгцэхээр урагшлах уу гэсэн зааг дээр байна.
-Таны ярьснаас харахад ДБЭТ-ын удирдлага өнгөрсөн зургаан сард их ажил хийжээ. Гэтэл танай Үйлдвэрчний эвлэлийнхэн гээд хүмүүс эсэргүүцээд хэвлэлийн бага хурал хүртэл хийсэн. Ер нь төрийн байгууллагад шинэ удирдлага ирээд тогтсон тэр нэг юмыг нь өөрчлөх гэхээр эсэргүүцэл гардаг нь их түгээмэл байдаг. Тийм үзэгдэл үү, эсвэл өөр шалтгаантай юм болов уу?
-Энд хүн хоорондын зөрчил гэхээс илүүтэй нийгмийн тогтолцооны гажуудал гэж ойлгож байгаа. Тийм ч учраас бид гурван үе шаттайгаар 2024-2025 оныг тогтолцооны өөрчлөлт, 2025-2028 оныг тогтолцооны шинэчлэл, 2028-2030 оныг тогтолцооны тогтвортой байдлыг хангах жил гэж стратеги төлөвлөгөө боловсруулж эрхэм зорилгоо тодорхойлж дээрх зорилтуудын дагуу ажиллаж байгаа. Үүнийг ойлгоогүй хэсэг уран бүтээлчид Үйлдвэрчний эвлэлийн хороотой нэгдэн сөрөг үйл ажиллагаа хийхээр завдаж буй нь унтаж буй арсланг сэрээсний үлгэртэй адил араншин гаргаж байгаа нь тэр.
Ер нь урлагийн хүн гэдэг бол мөнхөд хөдөлмөрлөдөг, цагийн ухаалаг менежменттэй, өндөр сахилга баттай, дэг журамтай, биеэ зөв авч явдаг, мэргэжлийн ёс зүйтэй, ах захаа хүндэтгэдэг зэргээр мэдрэмж өндөртэй хүмүүс байхыг шаарддаг тийм л салбар. Аль нэг нь дутвал амжилтад хүрэхэд бэрх.
Бид гурав, таван жилийн дараах театрын хөгжлийг дээрх стратегиар хөгжүүлье гэж танилцуулахад юун гурав, таван жил вэ, гурав, тав хоногийн дараах юмаа ярья гээд л зөрчилдөж эхэлсэн. Хуучин тогтолцоондоо хэт удаан дассан нь зарим хүнийг шинэ нөхцөлд дасан зохицож чадахгүй байдалд хүргэсэн юм болов уу даа. ДБЭТ-т Үйлдвэрчний эвлэл их хүчтэй юм билээ. Гэхдээ Үйлдвэрчний эвлэлийн байгууллага бол хамтын байгууллага гэж ойлгодог. Хүмүүсийнхээ ажиллах тавтай таатай орчин, хөдөлмөрийн бүтээмж, ажлын цаг, цалин хөлсний асуудлыг хэрхэн дээшлүүлэх тал дээр анхаардаг байгууллага болохоос турхирдаг байгууллага биш шүү дээ.
-ДБЭТ хэдэн хүнтэй вэ?
-Манайх нийтдээ 285 хүнтэй. Үүнээс гоцлол дууны болон найрал дууны 80 орчим хүн нь өөрчлөлтийг эсэргүүцээд байгаа юм. Цөөнх олныхоо өмнөөс шийдвэр гаргуулчих гээд гүйгээд байгаа юм. Мэдээж удаан байсан хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа ч юм бий. Миний хувьд, Монгол Улсын мэргэжлийн том театрын тогтолцоог зөв болгоод, ирээдүй рүү дэлхийн стандарт бүхий театр руу хөтөлчих юмсан гэсэн чин сэтгэлээр зүтгэж байна. Уг нь бид 285 хүн бүгдээрээ нэг онгоцонд суугаад нэг зүг рүү явмаар байгаа юм. Гэтэл 200 нь онгоцондоо суугаад урагшаа явъя гэхлээр үлдсэн хэд нь буруу харж зогсчихоод байна.
Цөөнхийн үг олон нийтэд бас ойлголтын зөрүүтэй мэдээлэл төрүүлээд байгаа нь харамсалтай. Яагаад гэвэл цөөнх дотор Ерөнхийлөгчөөс одон, цол тэмдэг авсан уран бүтээлчид олны танил хүмүүс голдуу бий. Гэтэл бас манай хөгжмийнхөн, балетынхан, үйлчилгээ, захиргаа, аж ахуйн албаныхан бас манай байгууллагын хамт олон бий. Адилхан цалингаа аваад, ажлаа хийгээд байж байгаа хүмүүс. Ямар хэсэг нь хуучинтайгаа зууралдаж байхыг хүсээд, хэн нь театрынхаа хөгжлийг урагш ахиулаад явья гээд байна вэ гэдэгт дүгнэлт хийвэл бас их сонирхолтой.
Бид ирээд зөвхөн хөгжил л ярьсан. Хөгжөөд хаа хүрэх гээд байгаа юм бэ гэхээр дэлхийн сонгодог урлагтай эн зэрэгцэж очих л гээд байгаа юм. Яагаад гэвэл манай дуучид дан дангаараа дэлхий рүү гарч гайхалтай амжилтуудыг ар араасаа гаргасаар байгаа нь бидэнд боломж байгааг харуулж байгаа хэрэг.
Тэгэхээр бидэнд бололцоо байна. Монголын дуучид дэлхийд амжилт гаргаж байхад яагаад бид театраараа хөдөлмөрлөж дэлхийн театр болох боломжгүй гэж… Хөгжье, зүтгэе гэвэл маш том амбицтай байх хэрэгтэй. Тэр амбиц нь мэдээж бодлого, төлөвлөлт, гүйцэтгэл бас асар их хөдөлмөр. Амжилтын ард хөдөлмөр л байдаг юм.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Gereg.mn
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...