БАРААНЫ ТЭМДЭГ ЭЗЭМШИГЧЭЭС ЗӨВШӨӨРӨЛ АВАЛГҮЙ БАРААНЫ ТЭМДГИЙГ АШИГЛАСАН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ
- schedule Өнөөдөр 13 цаг 21 минут
- chat_bubble 0

1974-1976 онд манай аав “Панкипсин” гэх бүтээгдэхүүнээр төрийн соёрхолт авсан, тухайн бүтээгдэхүүн нь шархыг сорвигүй эдгээдэг бөгөөд гадаад оронд хүртэл тархсан, 2000 онд аав маань нас барсан, энэ хугацаанаас хойш уг бүтээгдэхүүний патентыг лицензээр ашиглуулдаг байсан, 2019 онд барааны тэмдгийг өөрийнхөө өмчлөлд авсан. Гэтэл М ХХК 2019-2024 онд нийт 76,717 ширхэг “Панкипсин” нэртэй эмийг үйлдвэрлэж барааны тэмдэг эзэмшигчийн эрхэд халдсан. Иймд 2019-2022 онд үйлдвэрлэгдсэн “Панкипсин” эмийн тоог нэг бүрийг 4,400 төгрөг, 2023-2024 онд үйлдвэрлэгдсэн “Панкипсин” эмийн тоог нэг бүрийг 5,500 төгрөгөөр тус тус тооцож, нийт 343,6 сая төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж өгнө үү гэж Ц.А нь нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх: Нэхэмжлэгч нь Оюуны өмчийн газрын даргын 2019.09.25-ны өдрийн А/157 дугаар тушаалаар “Панкипсин” гэх барааны тэмдгийг эзэмших эрхтэй болж, улмаар Оюуны өмчийн газрын даргын 2023.12.12-ны өдрийн А/158 дугаар тушаалаар нэхэмжлэгч нь “Панкинсин” гэх барааны тэмдгийг эзэмшсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчээс зөвшөөрөл авахгүйгээр 2019 оноос 2024 оны 03 дугаар улирлын байдлаар “Панкипсин” гэх бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан байх тул Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.6-д заасны дагуу гэм буруутай этгээдээс хохирлоо шаардах эрхтэй. “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу зөвхөн худалдан борлуулсан үнийн дүнгээр Панкипсин” 25 мг бүтээгдэхүүний хэмжээгээр нэхэмжлэгчид учирсан хохирлыг тооцох зүйтэй гэж дүгнэж, хариуцагчаас 155,5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага 188 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх: Нэхэмжлэгч нь “Панкипсин” барааны тэмдгээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй тул хариуцагчаас үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний зах зээлд худалдах үнээр тооцож, хохирол шаардах эрхгүй,
Хариуцагч нь “Панкипсин” гэх бүтээгдэхүүнийг өөрийн хөрөнгөөр үйлдвэрлэж, худалдан борлуулсныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэсэн агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүх: Нэхэмжлэгч нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасны дагуу 12.3.5-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа гэж үзвэл талууд энэ талаар хангалттай мэтгэлцээгүй гэсэн үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
/УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН/
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...