“ЖАВХЛАНТ”, “ШИВЭЭ ТОЛГОЙ” АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН АСУУДЛААРХ НОТЛОХ БАРИМТУУДЫГ ШИНЖЛЭН СУДАЛЖ БАЙНА
- schedule Өнөөдөр 18 цаг 27 минут
- chat_bubble 0
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр эхэллээ.

Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
Өнөөдөр “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар нотлох баримтууд хөндөгдлөө.
Оюу толгой төслийн зээлийн хүүгийн хувь хэмжээг хэлэлцэх боломжтой долоон жилийн давтамжит хугацаа 2025 онд тохиож байгаа, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны дөрөвдүгээр сарын 09-ний 170 дугаар тогтоолд Жавхлант, Шивээ толгойн ордуудыг стратегийн ордод хамааруулах болсон, төсөлтэй холбоотой арбитрын шүүхийн шийдвэр гарсан, далд уурхайн бүтээн байгуулалт дуусаж, тогтвортой олборолтын шинэ мөчлөг эхэлж буй зэрэг Оюу толгой төсөлтэй холбоотой цөөнгүй үйл явдлын давхцал таарч буй онцлог цаг үе тохиож байгааг тэрбээр тэмдэглэлээ. Эдгээр болон нийгэм, эдийн засгийн гээд бусад шалтгаанаар Оюу толгой төсөлтэй холбоотой ард иргэдэд үүсээд буй зүй ёсны хүлээлт, эргэлзээг арилгах зайлшгүй шаардлагын үүднээс Хянан шалгах түр хороог байгуулахаар Улсын Их Хурлын 89 гишүүн дэмжин байгуулсан гэлээ.
Ийнхүү нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дэгийг Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч О.Батнайрамдал танилцуулснаар сонсголын үйл ажиллагаа эхлэв.

“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна. Эхлээд Оюу толгой төслийн талаар болон Оюу толгой бүлэг ордын геологи, нөөцийн асуудлын талаар шинжээч танилцуулга хийлээ.
Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар ажиллаж байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах энэ удаагийн нээлттэй сонсголд нийтдээ 300 гэрчийг оролцуулахаар Хянан шалгах түр хороо шийдвэрлэсэн байна.
Харин өнөөдрийн сонсголд нийтдээ 116 гэрчийг дуудсан бөгөөд дээрх хоёр сэдвээс гадна “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал, мөн тус ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй холбоотой асуудал, "Жавхлант", "Шивээ толгой" ашиглалтын тусгай зөвшөөрлүүд болон Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний хамаарлын талаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авлаа. Сонсголын хөндлөнгийн ажиглагчаар “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци”, "Иргэн та хүч залуусын нэгдэл", "Татварт иргэний хяналт" төрийн бус байгууллага болон Сайн ардчилсан иргэдийн намын төлөөлөл, иргэдийн төлөөлөл оролцож байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...