ЗЭЭЛДЭГЧ НАС БАРСАН ТОХИОЛДОЛД ХАМТРАН АМЬДРАГЧ ЭД ХӨРӨНГӨ ӨВЛӨЖ АВААГҮЙ, ХАМТРАН ЗЭЭЛДЭГЧЭЭР ОРОЛЦООГҮЙ БОЛ ЗЭЭЛИЙН ӨРИЙГ ТӨЛӨХ ҮҮРЭГ ХҮЛЭЭХГҮЙ
- schedule Өнөөдөр 17 цаг 23 минут
- chat_bubble 0

Ц.М нь 2016 онд Г ХК-тай зээлийн гэрээ байгуулж 10,6 сая төгрөг, 2017 онд 7 сая төгрөг нэмж, зээлийн үлдэгдлийг 14,7 сая төгрөг болгон өөрчилсөн. Тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 1,238 хоногийн хугацаа өнгөрч үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17,1 сая төгрөг болсон, зээлдэгч Ц.М нь 2019 оны 11 сард нас барсан. Г ХК нь Иргэний хуульд заасны дагуу Ц.М-тэй хамтран амьдарч байсан С.О-г хууль ёсны өвлөгч бөгөөд “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ”, “Өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэх агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гарган С.О-с 17,1 сая төгрөгийг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Анхан шатны шүүх: Хариуцагч С.О нь нас барагч Ц.М-н хууль ёсны өвлөгч биш боловч 2010 оноос хойш Ц.М-тэй хамт амьдарч байх хугацаандаа банкнаас зээл авч, гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан байх тул зээлийг дундын өмч гэж үзэж, зээлийн 50 хувийн өмчлөгч гэх агуулгатай дүгнэлтийг хийж хариуцагч С.О-с 6,9 сая төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 10,2 сая төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх: Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь талийгаач Ц.М-н өвийг хүлээн авсан болох нь тогтоогдоогүй боловч хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй, Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1.Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж заасныг хэрэглэж шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн.
Хяналтын шатны шүүх: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл адил боловч хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, анхан шатны шүүхийн үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх хуулийг зөв хэрэглээгүй. Хариуцагч С.О-той зээлийн гэрээ байгуулаагүй учир банк зээлийн гэрээг үндэслэж 17,1 сая төгрөгийг гаргуулах шаардах эрхгүй, мөн С.О нь өв хүлээн аваагүй тул нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй гэх агуулгатай дүгнэлтийг хийж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ 2026 ОНЫ 02 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...