Р:ЧИНГИС: ЭНЭ ХЭРЭГ БИДНИЙ ХЯНАЛТААС ГАДНА БАЙДАГ ”ХАР БҮС”-Д ҮЙЛДЭГДСЭН
- schedule Өнөөдөр 17 цаг 52 минут
- chat_bubble 0
Олон нийтийн цахим сүлжээнд өчигдөр Дотоодын цэргийн 05-р анги дээр дүрмийн бус харилцаа үүссэн талаар мэдээлэл цацагдсан. Энэ хэргийг цагдаа, дотоодын цэргийн удирдлага анхааралдаа авч Дотоодын цэргийн штабаас дотоод хяналт аюулгүй байдлын алба хаагчид, штабын дэд дарга, цэргийн зохион байгуулалтын хэлтсийн дарга, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгаж байна. Дээрх хэрэгтэй холбогдуулж өнөөдөр удирдах албанаас мэдээлэл өглөө.

Дотоодын цэргийн 05-р ангийн захирагч, хурандаа Д.Манлайбаатар: Дотоодын цэргийн 05-р анги дээр үүссэн нөхцөл байдлыг харуулсан бичлэгийг цахим хэрэгсэлд нийтэлж бид бүхнийг цочирдуулсан. Хугацаат цэргийн алба хааж байгаа алба хаагчдыг бид бүхэн хүүхэдтэй адилхан гэж ойлгож байгаа. Тэр утгаараа бид бүхэн хувь хүнийхээ үүднээс цочиж хүлээж авсан. Ингээд Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штабаас шаардлагатай арга хэмжээ авсан. Мөн Хүний эрхийн комисстой хамтран ажиллаж байна. Дотоодын цэргийн штабаас хяналт шалгалт, аюулгүй байдлын алба хаагчид дотооддоо хяналт шалгалтыг явуулж байгаа. Хугацаат цэргийн алба хаагчдын дунд үүссэн дүрмийн бус асуудлын талаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн харьяалах алба хаагчид одоо ажиллаж байна.
Хугацаат цэргийн алба хаагчдыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа Шүүх шинжилгээний эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нарын үзлэгт хамруулсан.
Дотоодын цэргийн 05-р ангид алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхэн дээрх хэрэг явдлыг бидний адил хүлээж авсан байх. Тиймээс хугацаат цэргийн алба хаагчдыг ар гэрийнхэнтэй нь холбоо бариулж, яриулж байна.
Хугацаат цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Хүний мэдээллийн тухайн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хяналт тавих цахим системийг ашигладаг. Тухайлбал, Дотоодын цэргийн 05-р ангид 68 хяналтын камер суурилуулсан. Нийт хяналтын камерын 62 нь дотоод үйл ажиллагааг хянаж ажилладаг. Дурдсан хуулийн заалтад ариун цэврийн өрөө, усанд орох өрөө болон хувь хүний нууцыг хуулиар хязгаарласан нөхцөлд хяналтын камер байршуулах боломжгүй гэж заасан байдаг учир тухайн хэрэг болсон газар нь хяналтын камергүй бүс гэж ойлгож болно. Уг асуудал өнгөрөгч шөнө хувцас солих өрөө, угаалгын өрөөнд болсон хэрэг. Шалгах ажиллагааг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэлд бүртгэж шалгах ажиллагаа явуулж байгаа учир урьдчилсан мэдээлэл өгөх боломжгүй.
Миний хариуцан ажиллаж байгаа Дотоодын цэргийн 05-р ангид энэхүү асуудал гарсан бөгөөд энэ жилийн хувьд энэ төрлийн хэрэг гараагүй. Цаашид гарах ёсгүй гэж үздэг. Уг асуудлын хүрээнд холбогдох алба хаагчид шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа. Хугацаат цэргийн алба хаагч цэргийн дотоод дүрмээр нэг жилийн хугацаатай хаах үүрэгтэй. Уг хэрэгт холбогдсон хугацаат цэргийн алба хаагчид 2025 оны нэгдүгээр ээлжид төв болон орон нутгаас татагдсан.
Надад өгсөн мэдээллээр, цэргийн биеийн байдал урьдчилсан байдлаар хэвийн буюу нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагагүй гэж мэргэжлийн эмч нараас хариу өгсөн. Эрх бүхий албан байгууллагын хариу одоогоор эцэслэгдэн гараагүй байна.
Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис:
-Бид, та нарыг нэг зүйлийг ойлгоосой гэж хүсэж байна. Бид нар энэ хүмүүсийн зогсоож, барих зүйл байдаггүй. Гол нь бид нарын асуудал бол аль болох олон аавын хүүхдийг нэг жилийн хугацаат цэргийн албанд татахдаа эр хүн болгох, эх орны хүү болоосой гэж хүсдэг. Тиймээс бид нарын хүүхэдтэй адилхан учир энэхүү зовлонг мэддэг. Тиймээс дүрмийн бус харилцааг батлах хамгаалах, зэвсэгт хүчин, дотоодын цэрэг, хилийн цэрэгт огт зөвшөөрдөггүй. Үүнийг та нар ойлгох хэрэгтэй.
Бид нарын хараагүй, мэдээгүй, камер байдаггүй газарт болсон. Мөн бидний хараа хяналтаас гардаг хар бүс гэж цэргийн ангид байдаг. Тэрхүү хар бүсэд үйлдэгдсэн хэрэг байлаа.
Дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Дотоодын цэргийн хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед зүй бусаар халдаж байгаа хэргийг тодруулж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...