”МОНГОЛ ДАРХАН: ӨВ, УРЛАХУЙ” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
- schedule Өнөөдөр 15 цаг 48 минут
- chat_bubble 0
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэн өнөөдөр / 2025.07.04/ Чингис хаан Үндэсний музейд нээлтээ хийлээ.
Энэхүү үзэсгэлэн нь монгол дархны уламжлалт өв, соёлыг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ахмад дархчуудыг хөхиүлэн дэмжих, тэдний мэдлэг ухааныг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилготой.
“Монголчуудын түүхэнд дархчуудын оролцоо” сэдвийн дор 60 уран бүтээлч 138 бүтээлээр дархчууд үзэсгэлэнгээ дэлгэж, ардын урлал, шашны урлал, чимэглэлийн урлал, чөлөөт уран бүтээл гэсэн дөрвөн төрлөөр бүтээлүүдийг хүлээн авч, шилдэг 20 бүтээлийг шалгарууллаа.
Шилдгийн шилдэг дөрвөн бүтээлийн шагналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардууллаа.•Хүрэл цутгуурт алтан шармал “Цагаан дарь эх” – “Занабазарын хийц” төрийн бус байгууллага,• “Мөнгөн цар аяга” – Уран дархан Б.Баярсайхан,• Луун сийлбэртэй, алтан шармал “Ган хэт хутга” – Уран дархан Н.Бат-Эрдэнэ,• “Хүннү эмээл” – “Мөнгөн талст” урлангийн бүтээл шилдгийн шилдгээр шалгарлаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын өргөмжлөлийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам шилдэг 16 бүтээлийг гардууллаа.
Энэ удаагийн үзэсгэлэн “Монгол дархан: өв, урлахуй" нэрийн дор өргөн хүрээтэй зохион байгуулж Буриад, ӨМӨЗО-ы уран бүтээлчид хүрэлцэн ирж оролцож буйгаараа онцлогтой.
Үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд 2025.07.04-нөөс 07.20-ны өдрүүдэд дэлгэнэ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...