ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС-70 ЖИЛИЙН ТҮҮХИЙН УЛБАА
- schedule 2025 оны 5 сарын 9
- chat_bubble 0
Тавдугаар сарын 8. Энэ өдөр Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамнаас "Монголд туслахаар ирсэн Хятад ажилтнуудын 70 жилийн ойн дурсгал"-ын хүлээн авалтыг зохион байгуулж, “Зуун дамнасан найрамдал” баримтат киноны нээлт боллоо. Ховор нандин түүхэн бичлэгүүд Монголд туслахаар ирсэн ажилчдын хүсэл тэмүүллээр дүүрэн он жилүүд, Монголын газар шороонд хөлсөө дуслуулан ажилласан түүхүүд энд тэмдэглэгдэн үлджээ.
Өдгөөгөөс 70-аад жилийн өмнө энэ өдөр БНХАУ-аас Монгол Улсад туслах тусламжийн ажилтнуудын эхний ээлжийн цуваа Монгол Улсад ирж байжээ. Яг нарийн эх сурвалжид 1955 оны тавдугаар сард БНХАУ-аас БНМАУ-д туслах анхны 6000 ажилчин ирсэн тэр үеэс эхлэн хятад ажилчид ээлж дараатайгаар ирж их бүтээн байгуулалтад гар бие оролцсон хэмээсэн байна. Хятадын тусламжийн ажилчид Монгол ажилчидтай мөр зэрэгцэн ажиллаж Улсын их дэлгүүрээс Төв цэнгэлдэх хүрээлэн, Энхтайваны гүүрээс Налайхын авто зам гээд 850 гаруй төслийг бүтээн босголцсон байдаг юм. Энэ бүтээн байгуулалтад нийтдээ 27 000 хятад тусламжийн ажилчин оролцсон аж.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Шэнь Миньжуан нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, БНХАУ-аас Монгол улсад ирж ажилласан ажилтнуудын 120 гаруй нь энд үүрд нойрссон тухай өгүүллээ. Цэл залуухан 20 гаруйхан насандаа их бүтээн байгуулалтад оролцож, амиа насаа зориулсан залуус байсан гэлээ. Туйлын харамсалтай.
70 жилийн түүхт ойн энэ өдөр Монголд туслахаар ирсэн Хятад ажилчдад зориулсан “Дурсгалын цогцолбор”-ыг Налайх дүүрэгт байгуулахаар болсныг Элчин сайд дуулгалаа. Энэ тухай тэрбээр “Энэ бол түүхийн хамгийн хүндтэй, дурсгал, хувь нэмрээ оруулсан хүмүүст үзүүлэх гүн хүндэтгэл бөгөөд Хятад, Монгол хоёр орны найрамдлыг өвлөн уламжлах утга учир юм. БНХАУ-ын Элчин сайдын яамны нэрийн өмнөөс эдгээр бүх түүхийг эрхэмлэн дээдэлж, түүхийн үнэт зүйлсийг сэргээх, хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй хоёр орны найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монголд туслахаар ирсэн хятад ажилчдын хөлс хүч, амь насаараа бичсэн энэхүү түүх цаг хугцаа, орон зайг гатлан, бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх хадгалагдана гэдэгт итгэлж байна” гэсэн юм.
Налайхын авто замыг ч мөн нэгэн цагт Хятад ажилчид барьж байгуулсан. Харин одоо энэ замаар тэдэнд зориулах “Дурсгалын цогцолбор” тийш хүндэтгэл үзүүлэхээр очих цаг тун удахгүй нь бололтой.
Г.ЭНХЭЭ
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...