“СЭТГҮҮЛЧ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНУУДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГИЙН ИХ ЗӨРЧДӨГ СУБЪЕКТ ХЭН БЭ?
- schedule Өчигдөр 7 цаг 51 минут
- chat_bubble 0
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээ”-нээс “ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРИН ҮЕ – ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ” сэдвийн дор олон талын оролцоо бүхий хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд, Төлөөлөгчийн газрын тэргүүн хатагтай Ина Марчюлёните, Монгол дахь НҮБ-ын суурин зохицуулагч ноён Яап ван Хиердэн, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа нар оролцож, сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөлөл, төрийн албан хаагчид болон хууль эрх зүйн байгууллагын ажилтнуудад хандан үг хэллээ.
Хэлэлцүүлгийн үеэр Глоб Интернэшнл төвийн хуульч, өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн Монгол Улс дахь хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлын талаар танилцуулга хийв. Тэрбээр сэтгүүлчид төрийн албан тушаалтнуудаас мэдээлэл авахдаа үндэслэлгүйгээр татгалзах явдалтай түгээмэл тулгардаг болохыг онцоллоо. Глоб Интернэшнл төвийн судалгаанд оролцогчдын 67 хувь нь энэ асуудлыг дурдсан байна.
Мөн “Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эрх ашгийг хамгийн их зөрчдөг субъект хэн бэ?” гэсэн асуултад хот, хөдөөгийн 387 оролцогчийн 58 хувь нь “эрх мэдэл бүхий албан тушаалтнууд” хэмээн хариулжээ. Сэтгүүлчдийн хувьд аюулгүй байдлын асуудалд хамгийн түрүүнд “мэдээллийн аюулгүй байдал” чухалд тооцогдож байгааг судалгаа харуулсан бөгөөд эх сурвалжийн болон хувийн аюулгүй байдал мөн санаа зовоож буй асуудал хэмээн нэрлэгдсэн байна.
2024 онд Монгол Улс “Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагын гаргасан хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 109 дүгээрт жагссан нь өмнөх оныхоос эрс ухарсан үзүүлэлт юм. 2025 оны нэгдүгээр сард Засгийн газраас өргөн барьсан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал хэлэлцэх болсон талаар салбарынхан хэлэлцүүлгийн үеэр мэдээлэл өгч, энэхүү хуулийн төсөлтэй холбоотой байр суурь, санал бодлоо нээлттэй солилцлоо.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1993 онд тавдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” болгон зарласнаас хойш жил бүр дэлхий даяар тэмдэглэсээр ирсэн.
Энэ жил уг өдрийг “Хиймэл оюун ухаан: Сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл ба хэвлэлийн эрх чөлөөнд үзүүлэх нөлөө” сэдвийн хүрээнд дэлхийн улс орнууд өргөн хүрээнд тэмдэглэж байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...