Г.Эрдэнэчимэг: “Мөнх тэнгэрийн хурай” дуугаараа нар, сар, галыг магтан дуулна
- schedule 2018 оны 1 сарын 19
- chat_bubble 0
Дуучин Г.Эрдэнэчимэг 1984 онд Архангай аймгийн Булган суманд Гантөгсийн хайртай охин болон мэндэлсэн байна. Арван жилээ төгсөөд тэрээр Архангайд хуваарилагдсан СУИС-ийн ганц хуваарийг авч, уртын дууны ангид элсэн оржээ. Одоогоос найман жилийн өмнө МУГЖ, одоогийн УИХ-ын гишүүн С.Жавхлантай гэр бүл болж өдгөө хоёр охин, нэг хүүтэй болжээ.
Г.Эрдэнэчимэг оёдол үйлэнд уран нэгэн. Саяхнаас өөрийн гэсэн оёдлын төвтэй болсон тэрээр нөхөр, хүүхдийнхээ хувцсыг өөрийн гараар оёж, үндэсний хувцас хэрэглэлийн захиалга, засварын газартаа чадварлаг хэдэн оёдолчин авч ажиллуулж байгаа аж. Дуучин Г.Эрдэнэчимэгтэй уулзахаар түүний “Монголоороо төв”-ийг зорин очлоо.
-“Монголоороо төв” гээд нэрнээсээ л сонирхол татаж байна. Ийм төв яагаад байгуулах болсон талаараа сонирхуулахгүй юу?
-“Монголоороо төв” маань өөрийн үндэсний хувцасны урлантай. Урландаа монгол хувцас, эсгий ширмэл ширдэг зэргийг урладаг. Мөн уртын дууны сургалт явуулдаг. Урлан байгуулсан тухайд бол бидний ахуйн хэрэгцээнд маш их хэрэгтэй байсан. Эсвэл өөрөө урлах, эсвэл урлантай болох гэдэг л хоёр сонголт байсан болохоор ямар ч байсан урлантай болох нь өөрсдийнхөө хувцсыг хийгээд, мөн бусад хүмүүст хувцас хийж өгөх боломжтой юм байна гэж бодсон.
Манай урлаж буй дээлээ судалгаатай, голдуу XIII, XV зуун буюу түүнээс өмнөх үеийн дээлийн загварыг сэргээж урлахыг зорьдог. Язгуур монгол хувцсаа хийх бодолтой байгаа. Мөн хүмүүсийн хүсэл шаардлага, эрэлт хэрэгцээ ямар байна гэдгийг бас харна. Өнгөрсөн долоодугаар сард Монголоос олдсон XV зууны үеийн монгол хатдын дээлийн загварыг сэргээж, урласан. Намар мөн Киданы үеийн эмэгтэйн дээлийн олдвороос загвар авч, дээлийн загвар гаргаж, сэргээж хийсэн байгаа. Өөрийнхөө урланд зориулж нээсэн дэлгүүр маань өнгөрсөн зургаадугаар сарын 20-ноос ажиллаж эхэлсэн.
- Та загвар зохион бүтээгч үү?
-Би яг мэргэжлийн загвар зохион бүтээгч бол биш. Гэхдээ өнгө, донж дээр хүнээс дутахааргүй. Мэргэжлийн загвар зохион бүтээгчтэй хамтран, загварынхаа түүх судлаж, хамтдаа ярилцаад л үагвараа гаргадаг.
- Ер нь ингэж түүхээс сэдэвлэж хийсэн дээлийг өдөр тутамд өмсөхөөс илүү баяр наадмаар өмсдөг байх, тийм үү?
-Пальтонуудыг бол мэдээж өдөр тутамд өмсөж байгаа. Ер нь хувцас хэр биед эвтэйхэн, хөдөлгөөнд тээргүй байвал өмсөж болно л доо. Ер нь бол тухайн хүний сонирхлоор л шийдэх асуудал. Ерөнхийдөө цагаан сар, наадам гэх хоёр том баяраар онцгой олноор зарагдана. Гэхдээ бусад саруудад ч гэсэн тасралтгүй зарагдсаар л байгаа. Өвөр Монголчууд манайхаас нэлээд их худалдан авалт хийдэг.
- Хүмүүс мэдээж сайхан харагдаж, таалагдаж байгаа болохоор л худалдан авалт хийж байгаа байх. Өөр ямар нэгэн шалтгаанаар..?
-Мэдэхгүй дээ. Ямартай ч гадуур салонуудаар явсны эцэст сонголтоо хийдэг байх гэж боддог. Магадгүй зарим нь Жавхлан, Эрдэнэчимэг хоёрыг зорьж ирээд, тэдний хийсэн хувцаснаас авна гэдэг ч байж магадгүй.
- Та өөрөө уртын дуучин хүн. Танай уртын дууны сургалтад голдуу ямар хүмүүс ирж суралцаж байна даа?
-Ерөнхийдөө ажил дээр гарчихсан, насанд хүрсэн хүмүүс ирдэг. Мэргэжлийн уртын дуучин биш, өөр мэргэжилтэй, багаасаа дуулдаг байгаад дуугаа сэргээхийг хүссэн хүмүүс их байдаг.
-Та бизнес, уран бүтээл хоёрынхоо алинд нь илүү сэтгэл, цаг заваа зарцуулж байна?
-Хүмүүс бизнес л гээд байгаа. Миний хувьд энэ чиглэлээр ашиг олоод байгаа юм байхгүй л дээ. Жишээ нь хувцасны урлан гэхэд нөхөр, хүүхдүүдээ хувцаслаад, цаана нь ажилчдаа цалинжуулж чадвал болно гэж боддог. Хамгийн хайртай зүйл маань мэдээж уран бүтээл. Тийм ч учраас уран бүтээлээ хэзээ ч орхихгүй.
- Та шинэ дуу хийж байгаа гэсэн..?
-Шинэ дуу хийсэн. Нөхөр маань үгийг нь бичиж өгсөн. Эрдэнэбатын хөгжим, Жавхлангийн шүлэг “Мөнх тэнгэрийн хурай” гэж дуу. Ерөнхийдөө нар, сар, галыг магтан дуулсан. Монголыг хүчтэй байхыг уриалсан, хүчийг нь дуудсан тийм дуу байгаа. Одоогоор клипнийхээ зураг авалтад орохоор бэлтгэж байна. Сар шинээс өмнө цацагдана.
- Баяр хүргэе. Танай гэр бүлийг хараад байхад монголоороо, монгол ёс заншилаараа “гоёдог”?
-Тийм шүү дээ. Бид үлгэрлэж яваа гэр бүл гэж боддог. Тиймээс бидэнд том хариуцлага байгаа гэж ойлгодог. Хүмүүст эвтэйхэн санагдах, цаашдаа бас дуурайгаад хийгээд өмсөж болохоор хувцаснууд урлаж өмсөхийг хичээдэг.
- Монгол дээл урладаг газар маш олон болсон. Та тэднээс ялгарах онцлогоосоо дурдахгүй юу?
-Ер нь язгуур монгол хувцаснуудыг хийхийг хүсдэг. Жишээ нь зах, ерөнхийдөө өнгө аяс нь Монголыг илэрхийлсэн, хаана ч өмсөөд очиход “Энэ ямар үндэстэн бэ” гэж асууж, сонирхохоор тийм хэмжээнд байгаасай гэж хүсдэг.
-Та ирэх жилийн загварын хандлага ямар байх бол, залуус ямар загваруудыг илүү сонирхож байна вэ?
-Хүмүүс ерөнхийдөө босоо захад илүү дуртай байгаа. Босоо захаар дагнаж хийж байгаа салонууд их байгаа л даа. Манайх бол босоо захаас татгалздаг. Яагаад гэхээр, би нэг удаа Бээжинд очоод Хятад үндэстэний уламжлалт хувцасны дэлгүүрийг сонирхож ороход тэр чигээрээ босоо захтай дээл байсан. Тэгээд л “язгуурын монгол хувцсыг бид хийх ёстой юм байна” гэдгийг маш сайн ойлгосон. Босоо захтай байсан ч ядаж л өнгөний хувьд, материалын сонголт зэрэг тал дээр арай өөрөөр шийдэх ёстой юм байна гэж гүн гүнзгий ойлгосон. Хэтэрхий орон, гялгар, босоо захтай болоод ирэхээр яг цэвэр хятад загвар юм шиг харагддаг. Тийм ч учраас арай илүү Монголыг илэрхийлсэн хувцас хийхийг хүсч байна.
- Таны загваруудыг хүмүүс дуурайгаад хийгээд байгаа харагддаг..??
-Загварын хувьд хүмүүс дуурайвал сайн л гэж боддог. Энэ бол миний хувийн өмч биш, Монгол Улсын л хувцас шүү дээ. Би түүхээс уншиж хийсэн байж, минийх гээд байвал хувиа хичээсэн хэрэг болно. Олон хүмүүс өмсөж байвал сайн л байна.
-Цаг зав гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Ярилцсан Х.АРВИНТАЛ, С.УРЬХАН
/Өвөрмонголын "Өдрийн сонин"-ы “Солонго мэдээллийн төв”-ийн сэтгүүлчид/
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...