Франц удирдаачтай "Кармен" дуурь тоглогдоно
- schedule 2015 оны 5 сарын 8
- chat_bubble 0
З.Бизе “Кармен” дуурь УДБЭТ-ын тайзнаа анх 1985 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр УГЗ Л.Эрдэнэбулганы найруулгаар тоглогдож байсан. Дуурийн байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ойг угтан балетын бүжиг, хүүхдийн найрал дуу зэргийг нэмэн тайз болон хувцсыг шинэчлэн, франц хэл дээр 2014 оны арванхоёрдугаар сарын 14, 15-нд УГЗ Ж.Бүрэнбэх шинэчлэн найруулж тавьсан билээ. Дуурийн гол дүрүүдэд УДБЭТ-ын үе үеийн алдар гавьяатай 30 гаруй гоцлол дуучид дуулж байжээ.
УДБЭТ-ын хамт олон гадаад харилцаагаа өргөжүүлэх зорилгынхоо хүрээнд томоохон олон ажил төлөвлөсний нэг нь Монгол улс, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосоны 50 жилийн ойн хүрээнд З.Бизе “Кармен” дуурийг энэ сарын 09-ний өдрийн 17 цагт УДБЭТ-ын тайзнаа францын удирдаач Шарль Барбиегийн удирдлаган дор тоглох гэж байна.
Шарль Барбие нь Британийн урлагийн их сургууль, Реннийн II их сургуульд сурчээ. Парис хотын Үндэсний хөгжим, бүжгийн дээд консерватур, Сибельюсийн Академийн удирдаачийн ангийг Профессор Лейф Сегерстамын удирдлаган доор мастерийн зэрэгтэй төгссөн. Олон талын авъяастай тэрээр Либанаар дамжин Колумбаас Филиппин хүртэл, 2005 онд Японы Айчигийн үзэсгэлэн гээд дэлхийн 24 оронд дуу хоолойгоо сонсгож явжээ. Дундад зуунаас орчин үе хүртэлх бүхий л цаг үеийн баялаг урын сантай Шарль Барбие нь Монгол Улсад анх удаа ирж байгаагаараа онцлог юм.
“Кармен” дуурийн Ерөнхий найруулагчаар УГЗ Ж.Бүрэнбэх ажиллаж байгаа бөгөөд УДБЭТ-ын гоцлол болон найрал дуучид, симфони найрал хөгжим, балетын жүжигчид оролцоно.
Алдарт “Кармен” дуурь нь “Удиртгал хөгжим”, “Тореадорийн дуу”, “Хабанера”, “Цэцгийн дуу” зэргээрээ хүн бүхний чихэнд хоногшсон бүтээл бөгөөд 1880 оноос хойш дэлхийн хамгийн алдартай дуурийн тоонд зүй ёсоор багтжээ. Дуурьт тамхины үйлдвэрийн ажилчид, тэдний нэг болох үзэсгэлэн гоо, эрх чөлөөт, омог бардам зангаараа ялгарах цыган бүсгүй Кармен, түүнд ухаангүй дурласан цэргийн түрүүч Хозе нарын ээдрээт хайр сэтгэлийн түүхийг өгүүлдэг. Мөн 1820-иод оны Испанийн Севиль хотын амьдрал, хааны хатны тамхины үйлдвэр болох тухайн үеийн хамгийн сүрлэг байшинг тайзан дээр гайхамшигтайгаар дүрслэн харуулдаг.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...