Агуу гүрэн ЗХУ
- schedule 2014 оны 12 сарын 12
- chat_bubble 0
ЗХУ-ын тухай хамгийн сонирхолтой баримтууд
Энэхүү социалист дэглэм арвантаван Бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт бүхэл бүтэн 70 жил үргэлжилсэн билээ. Энэ бүх хугацаанд Зөвлөлт Социалист Бүгд найрамдах Холбоот (ЗСБНХУ) улс дэлхийн цорын ганц хамгийн том улс гэдгээрээ алдартай байлаа. Тус улсын нутаг дэвсгэр манай бөмбөрцгийн хуурай газрын зургааны нэгийг эзэлж, түүнчлэн ЗСБНХУ-ын эзлэх талбайг эх газрын хувьд Хойт Америктай зэрэгцүүлэн жишдэг байв. Тэгэхдээ ЗХУ нь олон жилийн турш агуу том нутаг дэвсгэрээрээ алдаршаад зоссонгүй. Одоо бүх нийтийн хүртээл болоод байгаа олон сонирхолтой нууцлаг зүйлс, тоо баримтыг энэ улс өөртөө агуулж байдаг байна.
Жишээ нь, Аугаа их Эх орны дайны үед бас нэг Гитлер ЗХУ-ын талд байлдаанд оролцож байсныг Та мэдэх үү? Чухамхүү ийм овогтой, бас тэгээд нэг биш удаа байгуулсан гавьяаныхаа төлөө медалиар шагнуулсан пулёметчин бол Семен Константинович юм. Гэвч тэгэхэд түүний овгийг чанд нууцалж, магадгүй улаан армийн энэн цэрэг эрийн овгийг нь сольж ч байсан байж мэдэх юм.
Немцүүдийн мөрөөдөл хэдийгээр бодсоноор нь болоогүй ч тэд ямар ч байсан Улаан талбайг цэргийн жагсаалаар явж өнгөрч чадсан байдаг. 1944 онд Багратион (Оросын 1812 оны Эх орны дайны жанжин П. И. Багратионы нэрээр нэрлэгдсэн энэ ажиллагааг улаан арми 1944.06.23-1944.08.29 нд явуулж энэ хугацаанд Белорусс, Польшийн зүүн хэсэг, Балти хавийн газар нутгийг чөлөөлж, Германы армийн “Центр” бүлэглэлд асар том цохилт өгчээ. Орч) нэртэй тусгай ажиллагааг амжилттай явуулсны үр дүнд 40 000 немц олзлогдсон бөгөөд улаан армийн хүч чадал, ялагдашгүйг нь яруу тод харуулж Улаан талбайд парад хийхээр шийдвэрлэсэн байна. Тэр ер бусын парад 3 цаг үргэлжилж, энэ хугацаанд олзлогдсон гитлерчүүдийг (нийтдээ 57000 олзлогсод байсан гэдэг. Орч) цуваагаар нь Москвагаар явуулсан ба хожим энэ арга хэмжээг “Большой Вальс” гэж нэрлэцгээх болсон юм гэнэ лээ.
Багагүй сонирхолтой нэг зүйл бол хүн суулгасан дэлхийн анхны пуужинг сансарт хөөргөх бэлтгэл ажил байжээ. Сансрын буудлын байршлыг эцсийн мөчийг хүртэл нууцалж байсан гэнэ. Хэвлэлийн бүх эх сурвалжуудад Байконур дахь сансрын буудлыг хуурамч нэрээр нэрлэж байж. Зөвхөн Гагариныг сансарт амжилттай гарсны дараа л хуурамч нэрийг жинхнээр нь сольжээ. Энэ түүхийн муужруулам нэг баримт бол сансрын буудлыг модоор хийсэн явдал байсан гэнэ.
Хамгийн ер бусын, бас ч сонирхолтой зүйл бол чихэнд чимэггүй нь илт, хэн нэгэн хулгайчийн анхлан хэлсэн “шарашкина контора” гэсэн үг хэллэг юм. Хулгайч нарын үг хэллэгт хэрэглэгддэг “шарань” гэсэн үгийг тайлбар тольд “сброд” гэсэн байх агаад энэ нь “тохиолдлоор цугларсан бүлэг хүмүүс”-ийг хэлдэг аж.Үүнд харгалзуулан авч үзвэл “шарашка” гэдэг нь зөвлөлтөд “Дотоод явдлын ардын комиссар” (ДЯЯам) гэж байсны нэг хэлтэс гэснээс өөрцгүй, өөрөөр хэлбэл, эрдэмтэд, инженерүүд, зохион бүтээгчид, болон янз янзын зүтгэлтнүүдийг хорьдог шоронг хэлдэг байсан аж.
(Нэмэлт тайлбар: “Шарага” гэдэг орос үгнээс гаралтай “Шарашка” эсвэл “шаражка” нь ЗХУ-ын ДЯЯ-ны харьяанд байдаг байсан шорон маягийн Эрдэм шинжилгээний хүрээлэн, Зохион бүтээх товчоо бөгөөд тэнд хорих ялтай эрдэмтэд, инженер техникийн ажилтнууд ял эдэлдэг байсан байна. ЗХУ-ын Дотоод явдлын яамны системд үүнийг “онцгой техникийн товчоо”, “онцгой зохион бүтээх товчоо” гэж нэрлээд товчилсон бичиглэлийнх нь ард дугаар тавьдаг байжээ. Сонирхуулахад ЗХУ-ын сансар судлалын гарамгай эрдэмтэн, зохион бүтээгч С.П.Королёв,Ту-онгоцыг зохион бүтээгч А.Н Туполев нарын зэрэг зөвлөлтийн олон эрдэмтэд, инженерүүд, зохион бүтээгчид ийм шоронгуудад хоригдон ажлаа хийж байсан байдаг. Орч)
Багаж буруу ажилласнаас болж 1983 онд цөмийн дайн эхлэж болох байв. Дайсны пуужинг илрүүлэх системийн гажигаас хамгийн аймшигт дайн арай л эхэлчихээгүй гэдэг. Зөвлөлтийн түүхэнд иймэрхүү зүйл хичнээн гарч байсныг хэн ч үл мэднэ. Үүнтэй төстэй түүх 1979 онд АНУ-д гарсан боловч асуудлыг тэр дор нь арилгаж, тойрч гарцгаасан юм. ЗСБНХУ том алдааг зайлуулж чадсан нь тэгэхэд удирдлагын пультийг хариуцаж байсан хурандаа Петров хариуцлагыг өөртөө авснаар үүссэн нөхцөл байдлыг удирдлагадаа мэдэгдээгүйтэй холбоотой байсан гэнэ. Тийм шийдвэрийнхээ бүхий л үр дагаварыг тэрээр харж, ойлгож байсан нь мэдээж боловч ийм жижигхэн зэвсгийн агуулах руу Америк довтлоно гэж үү гэсэн мэдрэмж нь түүнд нэгийг хэлж өгөөд байжээ. Олон жил өнгөрсний дараа 2006 онд НҮБ Петровыг цөмийн дайныг зайлуулсны төлөө шагналд тодорхойлсон байна.
Я.Жанчив
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...