Өнөөдөр Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн өдөр
- schedule 2017 оны 3 сарын 22
- chat_bubble 0
Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 36 жилийн ой тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн гэдэг. Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан аж.
"ИНТЕРКОСМОС" хөтөлбөр
Дэлхийд хамгийн түрүүнд ЗХУ нь сансар огторгуйд анхны хиймэл дагуулаа 1957 онд хөөргөж, улмаар анхны хүн суулгасан сансрын хөлгөө 1961 онд хөөргөсөн билээ. ЗХУ сансарт үнэхээр хүчирхэг байж анхны болгоныг эзэмших болсон. (Анхны хиймэл дагуул, анхны сансрын хөлөг, анхны амьтан, анхны нисгэгч, анхны эмэгтэй нисгэгч, анхны задгай сансар, анхны станц /сансарын будал/, анхны хос нисгэгч, анхны гурван нисгэгч, анхны хос хөлөг, анхны гадаад нисгэгч, анхны жуулчин гэх мэт.)
Энэ байдлаа өргөжүүлөн хөгжүүлж сансарт АНУ-ыг ардаа хол хаяж ноёлох болсон.
Сансар огторгуйд давуу байдлаа харуулан ах дүү социалист (Варшавын гэрээ) болон найрсаг ажиллагаатай орнуудтайгаа сансрын программ хэрэгжүүлсэн. Энэ "ИНТЕРКОСМОС" хөтөлбөр нь ЗХУ-ын сансрын жолоодлогот "Союз" хөлгөөр сансарт хөөрч, сансрын станцад буудаллан судалгаа шинжилгээ хийх зорилготой байжээ. Нөгөө талаар “хүйтэн дайн”-ы үед дэлхий дахинд капиталист системээс социалист системийн давуу, хүчирхэг байдлыг харуулах зорилготой байсан.
"ИНТЕРКОСМОС" хөтөлбөрийн санаа тэртээ 1965 онд гарч 1970-аад оноос хэрэгжиж эхэлжээ. 1978-1988 оны арван жилийн хугацаанд 14 орны "анхны" тодотголтой 15 сансрын нисэгчид хөөрсөн. Манай улс энэ хөтөлбөрт багтан 1981 онд "Союз-39" хөлгөөр Ж.Гүррагчаа ниссэнийг бүгд мэднэ. Энэ үйл явдал нь өөрийн орнуудад болоод дэлхий дахинд онцгой үйл явдал болсон. Ингээд хөтөлбөрийн дагуу сансарт ниссэн дарааллаар товч танилцуулъя.
ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал В.Жанебеков, Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа
1.Чехословак /БНСЧСУ/ энэ хөтөлбөрийн анхны улс болсон. Дэлхийд сансарт хүнээ гаргасан гурав дахь улс. ЗХУ-ын сансрын нисгэгч Алексей Губарев, БНСЧСУ-ын сансрын нисгэгч Владимир Ремек 1978.02.03-нд" Союз-28" хөлгөөр нисч "Салют-6" станцтай холбогдсон ба 1978.02.11-нд "Союз-29" хөлгөөр бууж ирсэн . Сансарт 07 өдөр 22 цаг 17 минут байжээ.
2. Польш /БНПАУ/. ЗХУ-ын сансрын нисгэгч Петр Климук, БНПАУ-ын сансрын нисгэгч Мирослав Хермашевский 1978.06.27-нд Союз-30 хөлгөөр нисч Салют-6 станцтай холбогдсон ба 1978.07.05-нд бууж ирсэн. Сансарт 7өдөр 22 цаг 02минут байжээ.
3. Ардчилсан Герман /БНАГУ/. ЗХУ-ын сансрын нисгэгч Валери Быковский, БНАГУ-ын сансрын нисгэгч Сигмунд Иохан 1978.08.26-нд Союз-31 хөлгөөр нисч Салют-6 станцтай холбогдсон ба 1978.09.03-нд бууж ирсэн. Сансарт 7өдөр 20 цаг 49минут байжээ.
4. Болгар /БНБАУ/. ЗХУ-ын сансрын нисгэгч Николай Рукавишников, БНБАУ-ын сансрын нисгэгч Георги Иванов нарын суусан Союз-33 хөлөг 1979.04.10-нд хөөрөн Салют-6 станцтай холбогдох ажиллагаа харамсалтай нь удаа дараа амжилтгүй болж нэг өдрийн дараа 1979.04.12-нд буцаж ирсэн. Сансарт 1өдөр 23 цаг 01минут байжээ.
5. Унгар /БНУАУ/. ЗХУ-ын сансрын нисгэгч Валери Кубасов, БНУАУ-ын сансрын нисгэгч Берталан Фаркас1980.05.26-нд Союз-36 хөлгөөр нисч Салют-6 станцтай холбогдсон ба 1980.06.01-нд бууж ирсэн. Сансарт 7өдөр 20 цаг 45минут байжээ.
6. Вьетнам /БНСВУ/. ЗХУ-ын сансрын нисгэгч Виктор Горбатко, БНСВУ-ын сансрын нисгэгч Фам Туан 1980.07.23-нд Союз-37 хөлгөөр нисч Салют-6 станцтай холбогдсон ба 1980.07.30-нд бууж ирсэн. Сансарт 7өдөр 20 цаг 42минут байжээ.
7. Куба /БНКАУ/. ЗХУ-ын сансрын нисгэгч Юри Романенко, БНКАУ-ын сансрын нисгэгч Арнальдо Тамаой Мендес 1980.09.18-нд "Союз-38" хөлгөөр нисч "Салют-6" станцтай холбогдсон ба 1980.09.25-нд газардсан. Сансарт 07өдөр 20 цаг 43 минут байжээ.
8. Монгол /БНМАУ/. Манай улс сансарт хүнээ хөөргөсөн интеркосмосын хүрээнд найм дахь, Азийн хоёр дахь, дэлхийн ес дэх орон болсон. ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанебеков, БНМАУ-ын сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа /дэлхийн 101 дэх сансарын нисгэгч/ 1981.03.22-нд "Союз-39" хөлгөөр нисч "Салют" станцтай холбогдсон ба 1981.03.30-нд бууж ирсэн. Сансарт 07 өдөр 20 цаг 42 минут байжээ.
Владимир Жанебеков, Жүгдэрдэмидийн Гүррагчаа болон Владимир Ляхов, Майдаржавын Ганзориг гэсэн хоёр баг бэлтгэгдсэн бөгөөд зөвхөн нэг нь сонгогдон нисэх байсан.
Энэ үйл явдал нь Монгол Улсын түүхэнд онцгой баярт үйл явдал байсан. Тиймээс сансарт нисэхээс угтаж болоод дараа нь маш олон арга хэмжээ, баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлууд болж байсан билээ. Мөн сансрын тухай дуу, шүлгүүд зохиогдон, төрөл бүрийн дурсгалын тэмдэг, марк, зурагт хуудас, уран зураг, зоос гар урлалын зүйлс бий болсон. Энэ баярт үйл явдлыг илтгэсэн сансар огторгуй, од, нар, сарын нэртэй хүүхдүүд маш олон байдаг.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч, хурандаа М.Ганзориг
9. Румын /БНСРУ/. ЗХУ-ын сансрын нисгэгч Леонид Попов, БНСРУ-ын сансрын нисгэгч Думитру Прунариу 1981.05.14-нд Союз-40 хөлгөөр нисч Салют-6 станцтай холбогдсон ба 1981.05.21-нд бууж ирсэн. Сансарт 7өдөр 20 цаг 42минут байжээ.
10. Франц. Франц улс нь ЗХУ-тай капиталист орнуудаасаа хамгийн сайн харилцаатай байсан. Тиймдээ ч Франц улс “хүйтэн дайны үед интеркосмос хөтөлбөрт багтсан барууны ганц улс болж сансарт хүнээ хөөргөсөн. Сансарт ниссэн капиталист системийн хоёр дахь, Баруун Европын анхны улс. ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанебеков, Александр Иванченков, Францын сансрын нисгэгч Жан-Луи Крьетен 1982.06.24-нд Союз Т-6 хөлгөөр нисч Салют-7 станцтай холбогдсон ба 1982.07.02-нд бууж ирсэн. Сансарт 7өдөр 21 цаг 50минут байжээ.
11. Энэтхэг. ЗХУ-тай найрсаг хамтын ажиллагаатай Энэтхэг улс гуравдагч орнуудаас анх удаа сансарт ниссэн улс болсон. ЗХУ-ын сансрын нисгэгч Юри Малишев, Геннади Стрекалов, Энэтхэгийн сансрын нисгэгч Ракеш Шарма 1984.04.02-нд Союз Т-11 хөлгөөр нисч "Салют-7" станцтай холбогдсон ба 1984.04.09-нд бууж ирсэн. Сансарт 7өдөр 21 цаг 40 минут байжээ.
12. Сири. Арабын ертөнцөөс сансарт ниссэн хоёр дахь улс. Өмнө Саудын Арабын нисгэгч АНУ-ын Дисковери хөлгөөр 1985 онд ниссэн. ЗХУ-ын сансрын нисгэгч Александр Павлович Александров, Александр Викторенко, Сирийн сансрын нисгэгч Мухаммед Ахмед Фарис 1987.07.22-нд "Союз ТМ-3" хөлгөөр нисч Мир станцтай холбогдон зочилсон анхны гадаад улсын иргэн болсон ба 1987.07.29-нд "Союз ТМ-2" хөлгөөр бууж ирсэн. Сансарт 7өдөр 23 цаг 04минут байжээ.
13. Болгар /БНБАУ/. ЗХУ-ын сансрын нисгэгч Анатоли Соловьев, Виктор Савиных, БНБАУ-ын сансрын нисгэгч Алекмандер Александров 1988.07.06-нд Союз ТМ-5 хөлгөөр нисч Мир станцтай холбогдон ба 1988.07.13-нд Союз ТМ-4 хөлгөөр бууж ирсэн. Сансарт 7өдөр 23 цаг 04минут байжээ.
14. Афганистан /БНААУ/. Мусульман шашинт улсаас сансарт ниссэн гурав дахь улс. ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Ляхов, Валери Поляков, Афганистаны сансрын нисгэгч Абдул Ахад Мохманд 1988.08.29-нд Союз ТМ-6 хөлгөөр нисч Мир станцтай холбогдон зочилсон анхны гадаад улсын иргэн болсон ба 1988.09.06-нд Союз ТМ-5 хөлгөөр бууж ирсэн. Сансарт 8өдөр 20 цаг 26минут байжээ.
15. Франц. Франц улс интеркосмос хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь удаагаа сансрын нисгэгчээ хөөргөсөн. Харин нисгэгчээр анхны нисгэгч Жан-Луи Крьетен дахин ниссэн байдаг. ЗХУ-ын сансрын нисгэгч Александр Волков, Сергей Киркалов, Францын сансрын нисгэгч Жан-Луи Крьетен 1988.11.26-нд Союз ТМ-7 хөлгөөр нисч Мир станцтай холбогдсон ба 1988.12.19-нд бууж ирсэн. Сансарт 24өдөр 18цаг, 07минут байхдаа задгай сансарт 5 цаг 57 минут ажиллаж сансрын Мир станцад Францын бүтээсэн модулийг угсарахад оролцсон. Тэрээр АНУ-ын хөлгөөр бас сансарт ниссэн.
Мөн энэхүү хөтөлбөрийн хүрээнд ах дүү социалист орнуудтайгаа хамтран маш олон хиймэл дагуулууд хөөргөсөн байдаг.
Союз сансрын пуужин
Союз сансрын хөлөг
Союз хөлгийг 1960-аад оноос Сансрын хөтөлбөрийн хүрээнд Королёвын зохион бүтээх товчоонд Восток хөлгийн суурин дээр зохион бүтээж эхэлсэн. Анхны автомат сансрын хөлөг 1966 оны 11-р сарын -28-нд хөөрсөн бол анхны жолоодлогот Союз хөлгөөр Владимир Комаров хөөрсөн байдаг. Нийт 130 гаруй сансрын хөлөг хөөрсөн.
1966-1971 “Союз-1”-“Союз-11”
1983-1981 онуудад хоёрдугаар үеийн “Союз-12” – “Союз-40” хөлөг
1976-1986 онуудад гуравдугаар үеийн Союз-Т хөлөг /ачаа тээврийн хөлөг/
1986-2003 онуудад дөрөвдүгээр үеийн Союз-ТМ хөлөг
- 2003-2012 онуудад дөрөвдүгээрр үеийн Союз-ТМА хөлөг
- 2010 оноос хойш Союз-ТМА-М үүд нисч байна.
2014 оноос Союз-К ачаа тээврийн хөлөг хөөргөхөөр төлөвлөсөн.
Салют-6 станц.
1977.09.29-нөөс 1982.07.29 хүртэл дэлхийн тойрог замд байсан.
Жин. 19,824кг, Хэмжээ: 15.8м* 4.15м, Эзэлхүүн: 90м.куб. Дэлхийн тойрог замд 1,764 өдөр байж дэлхийг 28,024 удаа тойрсон. Салют-6 станц бол Салют программын дагуу хөөргөсөн найм дахь сансрын станц /буудал/. Тус станц 16 баг хүлээн авсны тав нь удаан хугацаагаар байсан. Интеркосмос программын хүрээнд ЗХУ-аас гадна найман улсын баг /Чехословак, Польш, Ардчилсан Герман, Унгар, Вьетнам, Куба, МОНГОЛ, Румын/ зочлон тус бүр долоо хоногийн турш судалгаа шинжилгээний ажил хийсэн.
ЗХУ 1971 оноос 1986 оны хооронд иргэний зориулалттай 9 сансрын буудал, цэргийн зориулалттай 3 сансрын буудал /Алмаз хөдөтбөр/ хөөргөсөн байхад энэ хугацаанд АНУ зөвхөн нэг л сансрын буудал /Skylab/ бий болгосон байдаг.
Салют-7 станц.
1982.04.19-нөөс 1991.02.07 хүртэл дэлхийн тойрог замд байсан.
Жин. 19,824кг, Хэмжээ: 16м* 4.15м, Эзэлхүүн: 90м.куб. Дэлхийн тойрог замд 3,216 өдөр байж дэлхийг 51.917 удаа тойрсон. Станцад очин ажилласан анхны баг Союз Т-5 хөлгийнхөн 1982 оны 5-р сард очсон бол сүүлийн баг Союз Т-15 хөлгийнхөн 1986 оны 07-р сард очин ажиллажээ. Нийт сансрын нисэгчдийн 12 баг, автомат удирдлагатай 15 хөлөг /ачааны/ очиж холбогдсон байдаг. Салют-7 станцыг зорьсон сүүлийн баг Союз Т-15 хөлгийн сансрын инсгэгчид Леонид Кизим, Владимир Соловьев нар Мир станцад ажиллаж байгаад сансарт Салют -7 станцад сар гаран ажиллаад эргээд Мир станцад очин ажиллаж /2 станцад 125 өдрийг өнгөрөөсөн/ эх дэлхийдээ бууж ирсэн гавъяатнууд билээ.
Мир станц.
ЗХУ сансрын Салют-7 станцыг ашиглалтаас гаргаж оронд нь Мир станцыг ашиглалтад оруулсан. Станцыг 1986 оны 02-р сарын 20-ноос 1996 оны 04 сарын 23 хүртэл 10 жил ажиллуулахаар төлөвлөсөн хэдий ч 15 жил ажилласан.
Эхэн үедээ ЗХУ дангаараа болон Интеркосмос программын хүрээнд ажиллуулж байснаа сүүлдээ ОХУ, АНУ, Европын орнууд, Япон, Канад зэрэг орнууд хамтран өргөжүүлж, ашиглаж ирсэн. 2001 оны тооцоогоор Мир станцын өртөг 4.2 тэрбум ам.доллараас давсан гэж тооцсон байдаг.
Мир станцад 12 орны 104 (давхардсан тоогоор 137) сансрын нисэгчид очин (суурин болон түр) ажилласан. Мир станцыг зорьсон анхны аялалд ЗХУ-ын сансрын инсгэгч Леонид Кизим, Владимир Соловьев байсан бол хамгийн сүүлд орхисон нь ОХУ-ын сансрын нисгэгч Сергей Залютин, Александр Калери /2000 оны 06-р сарын 16 хүртэл ажилласан/ байжээ. ОХУ-ын сансрын нисгэгч Валери Поляков Мир станцад хамгийн удаан буюу 437 өдөр 17 цаг ажилласан.
Мир станцын жин 129,700 кг. Хэмжээ: 19м Х 31м Х 27.5м . Эзэлхүүн 350 м.куб. Дэлхийн тойрог замд 5,519 өдөр байж 86,331 удаа тойрсон.
2001 оны 03 сарын 23-нд тойрог замаас гаргаж Номхон далайд унагасан.
Одоо ашиглагдаж байгаа Олон улсын сансрын станц.
Эх сурвалж: WWW.MGLNEWS.MN
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...