Б.Жаргалсайхан: Төр бизнест хувь эзэмших шаардлагагүй
- schedule 2013 оны 11 сарын 19
- chat_bubble 0
BSB компанийн ерөнхий захирал Б.Жаргалсайхантай бизнесийн орчны талаар ярилцсан ярилцлагаас:
-Төр бизнест хувь эзэмших дуртай. Уул уурхай дээр бүр тод харагддаг. Төр бизнест оролцож хувь эзэмшээд байх нь хэр зөв алхам бэ. Эсвэл оролцохоос аргагүй салбар гэж байна уу?
-Тийм шаардлага огт байхгүй. Эрчим хүчийг хүртэл чөлөөлмөөр санагддаг юм. Уул уурхайд ч төрийн хувь эзэмшил хэрэггүй. Маргарет Тетчер яагаад гурван удаа дахин сонгогдсон юм бэ, түүний хийсэн эдийн засгийн реформыг дэлхий даяараа ямар учраас онцлоод байгаа юм бол гэсэн асуултын хариу нь их энгийн. Тэр хүн төрийн оролцоог л үгүй хийсэн. Наяад онд Английн эдийн засаг бараг сүйрэлд хүрсэн байсан. Лейборист нам нь үйлдвэрчний эвлэлийн амаар иргэдийнхээ цалинг нэмж, цахилгаан станцууд нь нүүрсний утаа баагисан муу технологитой, эдийн засаг нь хэцүүдсэн учраас иргэд лебористуудын оронд консерватив намыг сонгочихож байгаа юм. Тетчер гарч ирж бүгдийг өөрчилж чөлөөт зах зээл рүү оруулсан. Үйлдвэрчний эвлэлийнхэн том жагсаал хийж эсэргүүцсэн ч хайхралгүйгээр санаагаа гүйцэлдүүлсэн. Үр дүн нь гарч эдийн засаг дээшилсэн учраас ард түмэн консервативчуудыг дараагийн дөрвөн жилд нь дахин сонгосон. Миний ойлгосноор Английн гавьяа байгуулсан хүмүүсийг тэргүүлдэг Черчелийн дараа Маргарет Тетчер орж байгаа. Гучхан жилийн өмнө болсон үйл явдлын сайныг нь дуурайхад болохгүй юм шиг санагддаг.
-Танд улс төрд орооч гэсэн санал ирвэл ямар шийдвэр гаргах вэ?
Надад улс төрд орох шаардлага байхгүй. Улс төр бол өөр дүрэмтэй. Би эдийн засагч хүн учраас зарим бизнесмэнүүдээс ялгаатай юм бодож байж магадгүй.
-Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын дарга О.Магнай нефтийнхнийг торголоо, саяхан “Номин”, “Миний дэлгүүр”- ийг торгоно гэж зарласан. Нийтлэлчдээс эхлээд бизнесмэнүүд дургүйцсэн байр сууриа илэрхийлээд эхэллээ. Та ямар бодолтой байна?
-Үүрэгт ажпаасаа хадуураад явчихсан юм болов уу гэж харж байна. Үнэ хянадаг хороо маягийн л юм хийгээд байна. Уг нь үнийг төр хянах ёсгүй. Үнэ гэдэг зах зээлийнхээ гольдрилоор явдаг эд. Үнийг нь хянаад ирсэн учраас өнөөдөр цахилгаан станцууд алдагдалтай ажиллаж байгаа. Нүүрсний уурхай, цахилгаан станц, МИАТ- аа дампууруулчихаад хүнсний салбар руу орох нь л дээ. Монголд шударга бусаар өрсөлдөөд айхтар баяжсан компани угаасаа байхгүй. Тэгэхээр хийх ажилгүй болж таарна даа. Тийм учраас л “Чи яахаараа 1000 төгрөгийн юмыг 800 төгрөгөөр зарж байгаа юм” гэх мэт зүйл яриад суудаг болсон хэрэг. Цахилгаан барааныхан өрсөлдөөнтэй болсон учраас хүмүүс гар утсыг шинэчлэгдэнгүүт худалдаад авчихаж байна. Гадаад, дотоод худалдаа нь чөлөөтэй учраас чөлөөтэй өрсөлдөж байгаагийн наад захын жишээ нь энэ. Нүүрсийг төчнөөн төгрөгөөр зарж болохгүй гэчихээр л зарагдахгүй болчихож байгаа юм. Зүй нь О.Магнайгийн удирддаг газар чөлөөт өрсөлдөөнийг хөгжүүлэх учиртай. Гэтэл өнөөдөр мань эр өрсөлдөж байгаа цөөхөн хүмүүсийг ээлжилж хяргах гээд байна л даа. Бүр хяргамаар санагдаад болохгүй бол ядаж 50 хүн болсон хойно нь тавыг нь хяргамаар. Та сая нефтийн компаниуд, “Номин”, “Миний дэлгүүр”-ийг онцоллоо. Шуудхан хэлэхэд ВSВ-гийн ээлж хэзээ ирэхийг мэдэхгүй байдал үүсчихэж байна. Бизнесийг дэмжихээ байг гэхэд битгий хутгалдаасай гэж олон бизнесмэн ярьдаг. Би ч гэсэн тэр үгийг хэлмээр байна.
-О.Магнай ШӨХТГ-ын салбаруудыг аймгуудад байгуулна гэж ярьж байсан..?
-Харин тийм яриа сонсогдсон. Ёстой болохгүй юмны нэг гэж бодож байна. Хөдөө байгаа жижиг дундуудыг багалзуурдах нь л дээ. Эрх биш аймаг нь тэмцэх байх. Манайхан арай л хадуураад байна. Бүх дэлхийд татвараа төлж, хөгжлийг авч явдаг болохоор бизнесээ ойлгодог. Тийм ч учраас улам томруулахыг хүсдэг. Гэтэл манайд эсрэгээр хавчиж эхэлж байна. Шуудхан хэлэхэд үүргээ огт ойлгодоггүй нөхрийг энэ суудалд тавьсан юм шиг санагдах боллоо. Би уг нь олны өмнө, хэвлэлээр яриад байх дургүй талдаа хүн. Гэтэл сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлууд, бизнесийн орчин үгээ хэлэхээс аргагүйд хүргэж байна л даа. Ер нь өрсөлдөөн шударга, шударга бус гэж байдаггүй. Анхнаасаа хууль нь буруу болсон юм. Өрсөлдөөн чөлөөтэй байдаг. Шударга өрсөлдөөн гэсэн ойлголт хаана ч байдаггүй. Танд шударга юм надад шударга биш. Шударга гэдэг бол харьцангуй ойлголт. Оросоор чистная конкуренция, англиар fair competition гэж байдаггүй. Англиар free competition, оросоор свободная конкуренция гэж л бий.
Хоёрдугаарт хэрэглэгчийн төлөө газар, шударга өрсөлдөөнийг нэг болгодог нь зөв биш шийдэл. Манай их хурал шиг болчихоод байгаа юм. Уг нь Их хурал хоёр танхимтай байх учиртай. Төлөөлөгчийн буюу доод танхим нь ард түмнээсээ сонгогддог, ард түмнийхээ эрх ашгийг төрд хүргэдэг. Төрийг төлөөлсөн нь дээд танхим. Орос ийм хоёр танхимтай. Америк ч тийм. Дээд нь сенат, доод нь конгресс. Ингэж байж төр, ард түмэн бүрддэг. Логик нь тийм. Гэтэл манайд ганцхан хүн байдаг. Нэг тийшээ хараад аймгийн төлөөлөгч, нөгөө тийшээ хараад төрийн төлөөлөгч. Хоёр өөр үүрэгтэй дээд доод танхим нэгдэж байж дундаасаа аль алиныхаа эрх ашгийг тусгасан, илүү сайн жигнэж цэгнэсэн шийдвэр гаргадаг. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг нэг болгочихоор ажилтнууд нь өрсөлдөөнөө хаяад хэрэглэгчдэд таалагдах юмаа хийгээд байна. Уг нь хоёр өөр байх ёстой. Тогтолцоо нь буруу учраас О.Магнайгаас өөр хэн ч ШӨХТГ-ын даргаар очсон ийм юм болно л доо.
Эх сурвалж: Өдрийн сонин
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...