"Хөөндий" байхад цааны годон гутлын хэрэггүй
- schedule 2014 оны 11 сарын 14
- chat_bubble 7
Т.Пүрэвдалай: Бид дөрвөн жилийн өмнө л 350 мянган төгрөгөөр гутлаа худалдаж байсан. Одоо ч хэвээрэй.
Сүүлийн жилүүдэд Монголчууд эр эмгүй л цааны годон гутлаар гангарах болсон. Хамгийн гол нь дулаахан гэж байгаа. Тэгвэл монголдоо үйлдвэрлэдэг “Хөөндий” гутал түүнийг дагуулахааргүй чанартай, дулаахан, хямдхан байдаг юм байна. Уг гутлыг үйлдвэрлэдэг “Хорол коллекшн” ХХК-ийн дизайнер Т.Пүрэвдалайтай уулзаж ярилцлаа.
-Танай компанийн хийдэг “Хөөндий” гутлын талаар сонирхсон юм?
-Бид 2007 оноос эхлэн арьс, ширэн эдлэлээр гутал, цүнх, түрийвч, бүс...гэх мэт бүхий л зүйлийг захиалгаар хийж байгаа. Хөөндий гутлын хувьд 2010 онд анхны загвараа гаргасан. Энэ гутал хийх болсон шалтгаан нь цааны годон гутал их үнэтэй зарагддаг байсан шүү дээ. Гэтэл монгол адууны арьс, хонины нэхий байж байхад заавал гаднаас орж ирсэн гутлыг 750-800 мянган төгрөгөөр авч байхаар бид өөрсдөө монголдоо үйлдвэрлээд 50 хувийн хямд үнээр худалдаанд гаргаад үзье гэж шийдсэн.
Тэгэхээр анх цааны годон гуталнаас санаа авсан гэх үү дээ. Анхны загвараа гаднаа битүү үстэй, дотор талдаа шагайнаас доош хонины нэхий, түрий нь эсгий, улыг нь шир-эсгий-шир-эсгий гэсэн 4 давхартай, улаа орос резинээр уллан хийж байлаа. Монголын нөхцөлд гадуураа битүү үстэй хийхээр эдэлгээ даахгүй, цасанд норсон хэсгийн үс нь амархан халцарч байна гэдгийг дуулаад бид 2 дахь жилээсээ дахин шинэ загвар гаргаж хоншоор болон өсгийн хэсгийг халцралтаас хамгаалж арьсан оруулга хийх болсон.
Тэгээд явц дунд нь сайжруулсаар тойруулаад битүү арьсан оруулгатай болгож өөрчилсөн. Дан үстэй хийхээр бандайсан бөөрөнхий, хэлбэр муутай харагддаг байсан юм. Арьсан оруулга хийж өгснөөр гутлын хэлбэр их цэвэрхэн, эдэлгээ урттай болсон. Хэрэглэгчид ч арьсан оруулгатай загварыг нь илүүтэй сонирхон худалдаж авдаг болсон.
-Хөөндий гэдэг нэр их содон сонсогдлоо л доо. Яагаад ийм нэр өгөх болов?
-Хамгийн анх загварын нэг жижигхэн 25 размерын гутал хийгээд, тэр гутлаа хараад ямар нэр өгөх талаар ярилцаж байгаад “Хөөндий” гэж нэрлэсэн. Хөөндий гэдэг маань өвөл гарч ирдэг, амархан бээрч, даардаггүй жижигхэн ховор шувуу байдаг. Энэ шувуунаас санаа аваад л “Хөөндий” гэдэг нэрээ өгсөн. Хөөндий маань манай үстэй гутлын нэр, хүмүүс хөөндий компани гэж ойлгоод байдаг юм. Уг нь “Хорол коллекшн” ХХК-ийн “Хөөндий” гэдэг нэртэй гутал байгаа юм. Дэлхийд нэрд гарсан брэндүүдийн нэгэн адил Монголынхоо брэнд болоосой гэж билгэшээж өгсөн нэр.
-Цааны годонгоос үнээр хямд юм байна. Өөр юугаараа давуу талтай юм бол. Энэ талаар ..?
-Цааны годонг цэвэр нэхий дотортой хийдэг. Сүүлийн үед хиймэл дотортой нь худалдаанд илүү орж ирж байгаа ажиглагдсан. Бид “Дархан нэхий” компанитай гэрээ байгуулж цэвэр монгол хонины нэхий авч байгаа. Гутлынхаа доторт дээд талаа цэвэр монгол эсгийгээр гадуур нь цэмбээр бүрж байна. Тэгэхгүй бол эсгийг үрээд байхаар өөрөө нийлмэл материал учир маш амархан цоордог. Тиймээс бид цэмбээр бүрж хийж байгаа. Эсгий болон цэмбэтэй болоод ирэхээр түрийн нь годон гутлынх шиг доошоо суухгүй. Хоёрдугаарт, элэгдэхээс хамгаалагдаж байгаа юм. Гутлынхаа дотор талын өсгийн хэсэгт нэхий дээр нь давхар зулаг оёж өгсөн.
Учир нь нэхий өөрөө үс болохоор байнгын үрэлтэд үс нь унаад, дулаанаа алдаж эхэлдэг. Үүнээс үүдээд зулаг оруулж өгвөл өсгийний үрэлтэд цоорохгүй, даарахгүй болох юм. Энэ нь бас нэг давуу тал. Дотор ул хэсгийг цэвэр эсгийгээр хийж өгсөн, түүний доор дахиад шир хийгээд, давхар техникийн зузаан эсгий, хөх шир тэгээд гаднах ул орж байгаа. Техникийн эсгий, хөх шир хоёроо нэвт бариад оёчихдог. Тийм болохоор салахгүй, дотогшоо ус орохгүй. Оёдлоо хамгаалаад орос резинээ наасан байгаа. Манай гутлын гадна уланд оёдол байхгүй нь бас нэг давуу тал. Цааны годон гутлын хувьд шир байхгүй дан техникийн эсгий бариад гадна ултайгаа нэвт оёсон байдаг.Оёдол нь ил байгаа юм чинь оёдлын заагаар хүйтэн орно, мэдээж ил оёдол эдэлгээндээ тасарна.
Энэ нь доороос даарах бас нэг хүчин зүйл болдог. Эсгий сийрэг байдаг шүү дээ хичнээн техникийн эсгий байлаа гээд хатуу л болохоос агаарыг нэвтрүүлнэ. Орос резин өвлийн улиралд доороосоо хайрна, тодорхой хэмжээнд хөлдөж эхэлнэ, ингэхээр хөлдсөн хүйтнээ эсгий өөрөө хүний хөл рүү нэвтрүүлдэг. Цааны годон гутал доороос хайраад байна гээд байдаг нь ийм учиртай. Бид үүнийг сайжруулж завсар нь хөх шир оруулж өгсөн. Улнаас ирэх хүйтнийг энэ хөх ширээр тусгаарлаж байгаа юм. Тэгээд дотор талдаа эсгий давхар шир оруулснаар гаднаасаа жиндэхгүй, дотроосоо дулаанаа алдахгүй болж байгаа юм.
Дотор талдаа давуу тал их бий 100 хувь нэхий, эсгий, арьс оруулсан байгаа учраас бүх чийгийг өөртөө шингээж аваад түүнийгээ буцаад ялгаруулдаг. Уландаа цэвэр нэхий оруулж өгч байгаа нь хөл их халууцсан үедээ хөлөрнө тийм үед чийгийг өөртөө шингээгээд авчихдаг учир хүйтэнд гарахад жиндэхгүй, хайрахгүй гэсэн үг. Манай гутлын 70-80 хувь нь цэвэр арьс. Ер нь манай гутлыг халуун сав гэж нэрлэж болно.
-Гутал засвараа үнэгүй хийж өгдөг гэж сонссон юм байна?
-Бид гутландаа үс халцралтаас бусад бүх засварыг үнэгүй хийж өгдөг. Энэ нь бас нэг давуу тал. Та годон гуталтай бол ямар нэг гуталчнаар засвар хийлгэвэл мөнгөөр л янзлуулна. Хүн ямарваа юмыг 100 хувь төгс хийж чадахгүй шүү дээ. Гараар хийж байгаа болохоор тодорхой хэмжээний алдаа, доголдол гарч л таарна. Алдаа гарсан тохиолдолд бид үнэ төлбөргүй засч, баталгаа өгдөг. Бид хамгийн их халцардаг хэсгүүдэд арьсан хамгаалалт хийж өгсөн. Тухайн гутлыг өмсөж байгаа хүний эдэлгээнээс хамаараад адууны арьс ч бай, годон ч бай үс нь халцарна. Урт шуба өмсдөг хүн байлаа гэхэд хормой хэсэгт нь байнга үрэгдсэн гутлын үс яваандаа халцарч таарна.
Машин барьдаг бол гутлын арын хэсэг машины суудалд үрэгдээд мөн л үс нь халцардаг. Тэгэхээр тэр хүн энэ хэсэгт үрэгдээд халцардаг юм чинь гээд заавал юманд шүргүүлээд, үрээд байхгүйгээр сууж болно шүү дээ. Ингээд халцарчихлаа яах вэ гэсэн хүмүүс ганц нэг ирдэг. Энэ нөхцөлд бид засвар хийж өгөх боломжгүй л дээ, тийм ч учраас “үс халцралтаас бусад” гэж онцолсон байгаа. Харин ул элэгдэх, оёдол тасрах, ямар нэгэн байдлаар урагдсан үед бид өөрсдийн хийсэн гутлаа үнэ төлбөргүй засвар хийж өгдөг.
-Засвар хийлгэх гэж хэдий хугацааны дараа ирж байна?
-Ер нь хоёр жилийн дараагаас л голдуу улны засвар ирдэг. Оёдол нь ханзарсан тохиолдол ганц нэг гарсан. Аливаа гутал өмсөж буй эзнээсээ л 100 хувь шалтгаалж байна даа. Энд хийгдэж байгаа гутлууд бүгд л нэг аргаар, нэг технологиор хийгдэж байгаа. Хүн болгоны гутал, хувцасаа өмсөж байгаа арга барил өөр өөр. Тэгэхээр манай гутал ямар нэг байдлаар дутуу дулимаг хийгдэж байгаа бол зарагдсан бүх гутал буцаад л засварт ирэх байсан. Тэгдэггүй.
-Хөөндий гутлаа ямар үнээр худалдаалж байна. Ер нь хямдрал зарладаг уу?
-Бид дөрвөн жилийн өмнө анх 350 мянган төгрөгийн үнэтэй худалдаанд гаргаж байсан. Одоо ч тэр үнээрээ л байгаа. Дөрвөн жилийн дараа, дөчин жилийн дараа ч энэ л үнээ барина гэж боддог. Мэдээж хийц, загвар нь өшөө сайжирсан ч энэ л үнээрээ гаргах болно. Ер нь шинэ бараа анх гарч ирэхдээ чанартай мөртөө хямд үнэтэй байдаг, удах тусмаа чанар нь муудаад үнэ нь өсдөг гэсэн бодол байдаг. Бид түүний эсрэг бодлого баримтладаг. Чанараа ч барина, үнээ ч барина. Гэхдээ чанараа илүү сайжруулахын төлөө шинийг эрэлхийлж ажиллана. Хүүхдийн гутал 80-150 мянган төгрөгийн хооронд размераасаа шалтгаалаад үнэ нь өөр өөр байгаа. Хүүхдийн гутал, том хүний гутал хоёр яг ижилхэн материал, хийцтэй, жижгэрүүлсэн л болохоос ажиллагааны хувьд адилхан. Улирлын шинж чанартай учраас өвлийн улиралд сайн гүйлгээтэй байдаг. Ер нь гуравдугаар сарын 30-наас есдүгээр сарын 1-ний хооронд хямдрал зарладаг. Зуны турш хямдралтай байдаг гэсэн үг.
-Хаанаас авч болох вэ. Орон нутагт борлуулдаг уу?
-Манай төв нэрийн барааны “Хөөндий” гэсэн хаягтай дэлгүүр Дөлгөөн нуурын баруун талд ажиллаж байгаа. Мөн “Сандэй” худалдааны төвийн 6 дугаар давхарт 6025 тоот, “Шинэ бөмбөгөр” худалдааны төвийн 2 дугаар давхарт 2340 тоот, хорооллын “1000-н нэрийн бараа”-ны 110 тоот лангуун дээр тус тус зарагдаж байна. Орон нутгаас гэрээт борлуулагч маягаар хүмүүс ирж авдаг. Ховд аймагт манай нэг салбар ажиллаж байгаа.
Одоо Замын-Үүдэд салбараа нээх гээд бэлтгэл ажил явагдаж байна. Дараа нь Дархан Уул, Орхон аймагт гээд ойролцоох газруудад салбар нээх бодол бий. Гэрээт борлуулагч хийх сонирхолтой хүмүүс байвал бид хамтарч ажиллахад бэлэн байгаа 9191-7723, 9909-7723 дугаарын утсаар холбогдож болно.
Монгол “Хөөндий” брэндийг төрүүлж байгаа “Хорол коллекшн” ХХК-ийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...