УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭН: Бид үүнээс айж, ичихгүй
- schedule 2024 оны 4 сарын 16
- chat_bubble 0
“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.16) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор төрийн болон эм ханган нийлүүлэх байгууллагуудын хамаарлын талаар шинжээч дүгнэлт танилцуулав.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Хянан, шалгагч нар хоёр хуулийн хүрээнд хамаарал бүхий этгээдүүдийг шалгаж байгаа. Үүнд 41 нэгж, байгууллага, 9654 хүнийг 20 221 аж ахуйн нэгжтэй хамааралтай эсэхийг судаллаа. Миний гар утсанд “Хүнийг гүжирдлээ, чамайг шүүхэд өгнө, чи ямар том юм бэ” гэх зэрэг зурвас ирж байна. Бид үүнээс айж, ичихгүй.
Харин нэгдмэл сонирхолтой, хамаарал бүхий гэсэн мэдээллийг хууль хүчний байгууллагад өгч үнэн, бодит байдлыг тодорхойлуулна. Тэр шийдвэрийг гаргахад та нөлөөлсөн гэдгийг тодорхойлох боломж хязгаарлагдмал. Гэхдээ энэ салбар дотор нэгдмэл ашиг сонирхолтой байна гэдэг ноцтой тоо гарч байна шүү дээ. Зарим газар 100 хувийн хамааралтай байх жишээтэй. Энгийнээр хэлбэл, мөрдөн байцаагч өмгөөллийн компанитай байвал яах вэ. Үүнтэй л агаар нэг шүү дээ.
Мэдүүлэг өгчихөөд тухайн асуудлыг шийдвэрлэх процессод ашиг сонирхолтой гэдгээ илэрхийлээд оролцохгүй байх хуулийн зохицуулалт бий" гэв.
Монгол Улсад 2023 оны байдлаар нийт 3289 эм хангамжийн байгууллага байна. Эмийн үйлдвэр болон эм ханган нийлүүлэх байгууллагын тусгай зөвшөөрлийг Эм, эмнэлгийн хяналт зохицуулалтын газрын харьяа орон тооны бус тусгай зөвшөөрлийн шинжээчийн танилцуулснаар орон тооны бус тусгай зөвшөөрлийн комисс, Эмийн сангийн тусгай зөвшөөрлийг Аймаг, нийслэл Эрүүл мэндийн газрын харьяа орон тооны бус тусгай зөвшөөрлийн шинжээчийн танилцуулснаар орон тооны бус тусгай зөвшөөрлийн комисс олгож байна.
Адилхан нэртэй атлаа өөр өөр улсад үйлдвэрлэсэн эмийн үйлчилгээ, өвчтөнд үзүүлэх нөлөө харилцан адилгүй байгааг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн онцолсон. Өнөөдөр үдээс хойш болсон сонсголд гаалийн байгууллагын мэргэжилтнүүд оролцлоо. УИХ-ын гишүүн Ц.Туваан эмийн бүртгэл төрийн байгууллагуудад өөр өөр байгаа тул эмийн нэгдсэн бүртгэлгүй байгааг шүүмжилсэн. ЦХХХЯ-ны мэргэжилтэн түүний асуултад хариулахдаа системийг хийж эхэлсэн гэв. Мөн сонсголын үеэр эмийн гинжин хэлхээгээр хөөн мэдэх боломж байхгүй байгаад УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандав.
Гаалиар оруулдаг хүнсэнд хатуу хяналт тавьдаг атлаа эмэнд ийм шаардлага тавьдаггүй. Тухайн хүнсний хадгалалтын нийт хугацааны 1/3 нь дууссан бол хилээр нэвтрүүлдэггүй журамтай аж. Харин эмэнд ийм шаардлага тавихгүй байгааг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдээлэв.
Дараа нь аюултай буюу эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэн устгадаг компаниудын талаарх мэдээллийг сонслоо. Чанаргүй, хугацаа дууссан эм болон эмнэлгийн аюултай хог хаягдлыг “Элемент”, “Элемент медикал” компаниуд устгадаг. Эдгээр компанийн үүсгэн байгуулагчид гадаад улсад томилолттой тул гүйцэтгэх захирлууд нь иржээ.
Тэд тендерт орж эсвэл тухайн эмнэлэгтэй гэрээ байгуулж, эмнэлгийн аюултай хог хаягдлыг зөөвөрлөн устгадаг. Энэ салбарт хоёр компани буюу дээр нэр дурдсан хоёр компани ажилладаг тул өрсөлдөөн үүссэн гэв.
Харин УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хоёрхон компанийн хооронд ямар өрсөлдөөн байх вэ? Та нар тэнэг хүн хуурч байгаа юм уу? Тендер зарлахаар танай хоёр компаниас өөр компани орж ирдэггүй. Та нар хог тээвэрлэсэн замын км-ээр эмнэлгүүдтэй тооцоо хийдэг юм байна. Та нар үргүй зардал гарган, мөнгө угаагаад байгаа юм биш үү? Би тэгж хардаж байна. Эдгээр компанийн үүсгэн байгуулагчид нь ашиг сонирхлын зөрчилтэй юм байна.
Шинжээч дээрх хоёр компанийн тээвэрлэсэн хогийн хэмжээтэй холбоотой мэдээллийг олж авсан, ямар үнээр эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэсэн талаар судалж шинжлээгүй гэв.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн бүтэн 15 жил ажиллахдаа яагаад технологио шинэчлээгүй вэ, өнөөх л хуучин аргаараа эмнэлгийн хог хаягдлыг устгаж байна гэж компанийн төлөөллүүдэд хэллээ. "Элемент" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхбадрал "Манай компани орон нутагт салбаргүй. Эмнэлгүүд жилд 20 сая төгрөгийн үнийн дүн бүхий тендер зарладаг. Бид 1000 орчим эмнэлгийн хогийг гэрээ байгуулан устгадаг. Эмнэлгүүд төсөвгүй гээд өндөр дүнтэй тендер зарладаггүй" гэв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...