Хагас сая тонн чихэр импортлодог улсад үйлдвэрлэл эрхлэх зах зээл байна даа
- schedule 2014 оны 3 сарын 18
- chat_bubble 1
Энэ оны эхний хоёр сард Монгол Улс 1.7 сая ам.долларын үнэ бүхий 687.5 тонн чихэр болон чихрийн бүтээгдэхүүн импортолсон болохыг Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ. Харин өнгөрсөн онд Монгол Улс нийт 10.3 сая ам.долларын
4454 тонн чихэр импортлоод байснаас гадна дотоодын чихрийн жилийн нийт хэрэглээ 10 мянга орчим тонн байдаг тухай Гаалийн Ерөнхий газраас онцолж байна. Чихэр үйлдвэрлэлийн гол түүхий эд болох элсэн чихрийг Монгол Улс 100 хувь импортоор хангадаг. Өнөөдөр Монгол улсад 10 хүрэхгүй чихрийн үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хамгийн ууган нь болох “Талх чихэр” компани жилд 5000 орчим тонн чихэр үйлдвэрлэдэг байна. Харин “Талх чихэр” компани бүрэн чадлаараа ажиллаж байх үед Монгол Улс дотоодынхоо чихрийн хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй ОХУ руу экспортолдог байжээ. Тус үйлдвэрийн ажилтны хэлснээр 1990-1992 оны үед “Талх чихэр” компани өдөрт 31 мянган тонн “Сарлаг”, “Наадам”, “Унага”, “Аргал” зэрэг чихрийг үйлдвэрлэж байсан байна. Харин одоо “Оргил”, “Баярын мишээл” зэрэг дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж. “Талх чихэр” компани чихрийн үйлдвэрлэлдээ анхаарч, шинэчлэл хийхээр судалж байгаа болохыг тус компанийн Бялуу, нарийн боов, чихрийн үйлдвэрийн дарга мэдээлсэн юм. Үүнээс гадна “Атар Өргөө” компани “Нахиа”, “Мишээл” зэрэг гурван нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол “Дөрөөгийн булаг”, “Даша” зэрэг компаниуд үрлэн чихэр болон цэлцэгнүүр үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна. “Дөрөөгийн булаг” компанийн мэдээлснээр тус компани жилдээ “Чацарганатай”, “Самартай” зэрэг нийт 11 нэр төрлийн зургаан тонн үрлэн чихэр үйлдвэрлэдэг байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...