Буудайн гурилын арын тоо нь нэмэгдэх тусам гурилан дахь буудайн хальсны хэмжээ нэмэгддэг
- schedule 2015 оны 6 сарын 23
- chat_bubble 0
Гурил худалдах, худалдан авахдаа ихэвчлэн шуудайгаар эсвэл 10-20 килограммаар нь худалдан авдаг. Энэ нь олон дахин зөөхгүй, бөөнөөр нь хямд авах зэрэг давуу талтай ч гурилын шинэ байдлыг алдагдуулдаг байна. Хүнсний технологчдын зөвлөснөөр гурил хадгалалт даадаг бүтээгдэхүүн боловч хуучрах тусам чанараа алдаж, тэжээллэг байдал нь буурдаг хүнс юм. Гурилыг харанхуй, сэрүүн хуурай газарт байлгах хэрэгтэй бөгөөд ингэхгүй бол чанараа алдах, чийгтэх, шавьжны хоол болох аюултай.
Гурилын тэжээлэг чанарыг мэдэх энгийн арга
Хамгийн эхэнд таны нүдэнд шууд тусах зүйл бол тухайн гурилын үйлдвэрлэгчийн нэр. “Алтан тариа”, “Улаанбаатар”, “Алейка” гэх мэтчилэн. Дараа нь та Монголд үйлдвэрлэсэн гурилан дээрээс БГ-045, 050, 055, 075,085, 115 гэсэн тэмдэглэгээг харах болно. Энэ нь буудайн гурил гэсэн үгийн товчлол бөгөөд арын тоо нь нэмэгдэх тусам гурилан дахь буудайн хальсны хэмжээ нэмэгддэг. Үүгээр нь гурилын чанарыг мэднэ. Учир нь хальсны хэмжээ их байх тусам гурилд агуулагдах шим тэжээл их байдаг. Гурилын чанарыг харуулж байдаг чийг, амт, үнэр, үнслэг, хүчиллэг, цавуулаг, сахарын хэмжээ зэрэг үзүүлэлтээр таньж болно.
Чийгтэй гурил бичил биетний үүр болдог
Гурилд тодорхой хэмжээний чийг агуулагдах ёстой ч хэт чийгтэй гурил хадгалалт даах нь буурч, бичил биетэн үржих нөхцөл болдог. Чийг ихтэй гурил саван дотроо бөөгнөрч, нягтарсан байдаг. Гурилын чийгийг үзэхдээ савтай гурилд гараа дүрээд 15 секунд орчим байлгах хэрэгтэй. Ингэхэд таны гар хүйт оргиж, нойтон мэдрэгдэж байвал тэр гурилын чийигийн хэмжээ нэмэгдсэн байна гэсэн үг.
Гурилын шинэ, хуучинг хүчиллэг нь хэлнэ
Гурил хуучрах тусам хүчиллэг нь нэмэгдэж, улмаар чанар нь муудан шавьж үржих нөхцөлийг бүрдүүлдэг. Гурилын хүчиллэг зэргээсээ хамааран мөн л өөр өөр байдаг. Дээд гурилын хүчиллэг 2-3 хувьтай байдаг бол 1-р гурилынх 3-3.5, 2-р гурилынх 4-4.5, хар гурилынх 4.5-5 хувьтай байдаг.
Амт үнэрт өөрчлөлт орсон гурил чанараа хурдан алддаг
Гурил ямар нэгэн үнэрийг амархан шингээдэг. Ийм үнэр шингээсэн гурил чанараа алдаж эхэлдэг. Та өөр үнэр байгаа эсэхийг шалгахдаа шилэн аяганд хийсэн гурил дээр халуун ус хийгээд, холилгүй усыг нь асгаад үнэрлэхэд ямар нэг гаднын үнэр байдал нь мэдрэгддэг.
Гурилын үнслэг их байх тусам кальцийн хэмжээ нэмэгддэг
Үнслэг нь гурилд байх ёстой гол зүйл бөгөөд гурилын зэргээс хамааран агуулагдах хэмжээ нь өөр байдаг. Зэрэг буурах тусам үнслэгийн хэмжээ нэмэгдэх бөгөөд үнслэг хэдий чинээ их байна кальцийн хэмжээ төдий чинээ нэмэгдэж, улмаар хүний биед яс сийрэгжихээс хамгаалах нөлөө үзүүлдэг. Стандарт ёсоор бол дээд гурилд 28%, 1-р зэргийн гурилд 30%, 2-р зэргийн гурилд 25%-ийн цавуулаг агуулагдаж байдаг.
Гурилын жин, баталгаажилтûг шалгаж авах
Худалдан авч буй гурилаа шуудайтай нь хяналтын жин дээр тавьж шалгаж үзэхээс гадна шуудайны амсарт оёсон шошго нь шуудайны гаднах хаягтай таарч байгаа эсэх, үйлдвэрлэсэн, савласан он сарыг шалгаж, дээд доод амсарыг задлан дахин оёсон, нүх гарсан зэргийг сайтар шалгаж үзээрэй. Мөн худалдан авсан гурилын өнгө, зэрэг, дугаар тохирч байх ёстой. Гурилын зэрэг дээшлэх тусам өнгө нь цагаан байдаг. Худалдаанд гаргаж буй бүх төрлийн гурил, будаа нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн тамга тэмдэг бүхий дүгнэлттэй байх ёстой тул та тухайн гурил дээрхи шаардлагыг хангаж буй эсэхийг үзэх хэрэгтэй.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...