МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУД НИЙТ 893 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХАА МЭДЭГДЭЭД БАЙНА
- schedule Өчигдөр 21 цаг 56 минут
- chat_bubble 0
2026 онд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд нийт 893 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаа мэдэгдээд байна. Сүүлийн байдлаар МХБ-д нийт 32 ХК Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг нээлттэй байршуулжээ.
Тэгэхээр 2026 он гарсаар ногдол ашгийн хур буух нь. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ нийт 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар ТУЗ-ийн хурлаараа шийдвэрлэсэн. Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан юм. Нэгж хувьцаанд 65.55 төгрөг ногдож байгаа бөгөөд 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашгийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан олгох гэж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өмчлөлийн хувьд 2024 оны жилийн эцсийн байдлаар компанийн нийт хувьцааны 73.51 хувийг төр, 26.34 хувийг Монгол Улсын 3.4 сая иргэн, 0.06 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшиж буйг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тайланд мэдээлээд байна.
Ногдол ашиг хуваарилахаа шийдвэрлэсэн дараагийн компани бол "Хаан банк" юм. Тус банк 2025 оны үйл ажиллагааны татварын дараах цэвэр ашиг болох 694.84 тэрбум төгрөгийн 58.89 хувь буюу 409.2 тэрбум төгрөгийг нэгж хувьцаанд 214 төгрөгөөр тооцож хуваарилах шийдвэр гаргаад байна.
Одоогийн байдлаар нээлттэй таван банкны гурав нь ногдол ашиг хуваарилах шийдвэрээ танилцуулаад байна. Эдгээр банк нь нийтдээ хагас их наяд төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлээд байгаа юм.
“Төрийн банк” ХК 2025 оны татварын дараах ашгаас нэгж хувьцаанд 51.8 төгрөг тооцон ногдол ашигт олгохоор болжээ.
Жижиг хувьцаа эзэмшигчдийн тоогоор тэргүүлэгчдийн нэг Түмэн Шувуут ХК 2025 оны цэвэр ашгийн 30 хувийг буюу нэгж хувьцаанд 21.8 төгрөг тооцон ногдол ашигт хуваарилахаар боллоо. Нэгж хувьцаанд ногдох дүн нь анх ногдол ашиг тооцон олгосон 2019 оныхтой харьцуулахад 4.5 дахин өсөөд байна.
“Газар шим үйлдвэр” ХК 2025 онд 47.2 орчим тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оноос 15 хувиар өссөн үзүүлэлт ч цэвэр ашиг нь өмнөх оноосоо 12.4 хувиар буурсан байна. Мөн нэгж хувьцаанд 2.49 төгрөг тооцон ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлээд байгаа нь цэвэр ашгийнх нь 45 орчим хувьтай дүйцэх дүн юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...