МОНГОЛЫН АНХНЫ ИНГЭНИЙ ФЕРМ ИНКУБАТОР ХЭЛБЭРЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙНА
- schedule Өнөөдөр 17 цаг 21 минут
- chat_bubble 0

Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг анхны бөгөөд улсад ганцхан гэгдэх ингэний фермийг “Солид партнерс групп” компани байгуулжээ.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд нийт 225 тэмээтэй болсон байна. Үүний 160 нь ингэ. Өнөөдрийн байдлаар 70 ингэ сааж, өдөрт 140-150 литр сүү авч байгаа юм байна. Нэг ингэнээс 2.5 литр сүү буюу бэлчээрийн тэмээнээс хоёр дахин их сүү авч байгаа аж. Зуны улиралд 4 хүртэл литр сүү авдаг гэж фермийн удирдлагууд танилцууллаа. Ингэ саахдаа зориулалтын саалтуур ашигладаг учраас сүүний гарц нэмэгдэх, цаг хугацаа хэмнэх зэргээр бүтээмжийг өсгөжээ.

“Солид партнерс групп” компани 15 хүнийг ажлын байраар хангаж байна. Тараг, ундаа, хуурай сүү зэрэг нийт 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлдэг. Цаашид бүтээгдэхүүнээ экспортлох зорилт тавьжээ.
Улсын хэмжээнд 60 мянган ингэ сааж, 4000 литр сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Гэхдээ үүний өмнө бүтээгдэхүүнийг дотооддоо таниулах, зах зээл бий болгох нь хамгийн чухал байна гэж тус компанийн захирал Б.Цэнд-Аюуш танилцуулав.

“Солид партнерс групп компани” хэтийн зорилгоо монгол тэмээний сүүн бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах, Монголын бренд бий болгох гэж тодорхойлжээ. Тиймээс малчид, бусад аж ахуйн нэгжид туршлага судлах боломж олгох үүднээс фермээ инкубатор хэлбэрээр ажиллуулж байгаа юм байна.

Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...