“ГОВЬ” ХК-ИЙН 10.3 ХУВИЙН ХУВЬЦААГ ЭЗЭМШИГЧ 25,000 ГАРУЙ ЖИЖИГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙН ЭРХ АШИГ СЗХ-НООС ХАМГААЛАВ
- schedule Өнөөдөр 19 цаг 59 минут
- chat_bubble 0
“Говь” ХК нь 2025.09.08-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ болох шийдвэр гаргасантай холбогдуулж Санхүүгийн зохицуулах хорооноос газар дээрх хяналт шалгалтыг хийж, дараах зөрчлийг илрүүлсэн байна.
Одоогоос зургаан жилийн өмнө 2019 оны 5 дугаар сард “Говь” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн холбогдох шийдвэрүүдээр “Гоёо” ХХК-ийн хувьцааг “Таван Богд холдингс” ХХК-аас 15.0 сая ам.доллараар худалдан авахаар шийдвэрлэсэн байна. Мөн оны 7 болон 8 дугаар сард “Гоёо” ХХК-ийн авсан нийт зээл болох 101.5 тэрбум төгрөгийг ч “Говь” ХК-д шилжүүлэн хариуцахаар болж.
Үүний дагуу "Говь" ХК нь 2019-2024 оны хооронд хувьцааны төлбөрт 17.7 сая ам.доллар, зээлийн төлбөрт 106.6 тэрбум төгрөг буюу нийт 161.7 тэрбум төгрөгийн төлбөрийг холбогдох банк, санхүүгийн байгууллагууд болон нэр бүхий компанид төлж барагдуулсан байна.
Дээрх шийдвэрүүдийг гаргахдаа “Гоёо” ХХК-ийн санхүү, үйл ажиллагаа, өр төлбөр, хөрөнгийн талаарх судалгаа тооцоололгүй, эд хөрөнгийн эрхийн буюу хувьцааны зах зээлийн үнийг тогтоолгүй, хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээ, ТУЗ-ийн дэргэдэх аудитын хорооны дүгнэлтгүйгээр хувьцааг худалдан авах сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн ба "Гоёо" ХХК-ийг нэгтгэх шийдвэрийг гаргаагүй боловч охин компанийн зээлийг хариуцах, шилжүүлэн авах эрх зүйн болон бодит үндэслэлгүйгээр өрийг шилжүүлэн авч төлсөн нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болжээ хэмээн санхүүгийн зохицуулах хорооноос үзжээ.
Одоо эдгээр үйлдлээс шалтгаалан компанийн өр төлбөр, санхүүжилтийн зардал нэмэгдэн сүүлийн 6 жилийн хугацаанд ашиггүй ажиллаж, ногдол ашиг олгох боломжгүй нөхцөл үүсч жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдсөн байна.
Монголын хөрөнгийн бирж дээр “Говь” ХК-ийн 2025.10.24-ний өдрийн байдлаарх зах зээлийн үнэлгээ 178.2 тэрбум төгрөг байгаа бол тус компанийн 2025 оны II улирлын санхүүгийн тайлангаар 388.7 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна.
Өр төлбөрийн хүрээнд 2019 оноос хойш ноос, ноолуурын түүхий эд бэлтгэх, тэдгээртэй холбоотой бусад эргэлтийн хөрөнгийн зориулалт бүхий төсөл, хөтөлбөрийн хөнгөлөлтэй нөхцөлөөр нийт 228.3 тэрбум төгрөгийн зээл авснаас 31.8 хувь буюу 72.7 тэрбум төгрөгийг зориулалтын дагуу зарцуулсан бол бусад зээлийн төлбөрийн зарцуулалт тодорхойгүй байна.
Иймд хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, компанид учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, компанийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулсны дараа хувьцааны бодит үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар дахин хийлгүүлэх зэрэг үүрэг даалгаврыг Санхүүгийн зохицуулах хорооноос “Говь” ХК-д хүргүүлсэн байна.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар олгогдсон чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах шаардлагын дагуу эдгээр асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд буюу “Говь” ХК-ийн 10.3 хувийн хувьцааг эзэмшиж буй 25,000 гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хамгаалагдах хүртэл тус компанийн хэлбэрээ өөрчлөх ажиллагааг зогсоолоо.
“Говь” ХК нь нээлттэй хувьцаат компанийн хувьд үнэт цаасны зах зээлийн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд санхүүгийн болон санхүүгийн бус мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэх үүрэгтэй юм.
“Говь” ХК-ийн хувьцааны арилжаа хөрөнгийн бирж дээр хэвийн үргэлжилж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...