МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР АРД ТҮМЭНДЭЭ ХАНДАЖ МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ
- schedule 2025 оны 9 сарын 30
- chat_bubble 0
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.09.30/ ард түмэндээ хандаж мэдэгдэл хийлээ.
Тэрбээр "Бид 2025 оны долдугаар сарын 9-ний өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХХК-д онцгой дэглэм тогтоож, хяналт шалгалтын ажлыг эхлүүлж, нүүрсний хулгайтай тэмцсэн ажлынхаа үр дүнг та бүхэнд танилцуулах гэж байна. Ер нь эдийн засгаа сэргээхийн тулд нүүрсний хулгайтай тэмцэхээр ажлаа эхлүүлсэн. Эдийн засгаа сэргээнэ гэдэг бол нүүрсний хулгайтай тэмцэнэ гэсэн үг. Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг бол эдийн засгаа сэргээнэ гэсэн үг. Намайг Ерөнхий сайдаар томилогдоход улсын төсөв 3.3 их наяд төгрөгөөр тасрах эрсдэл үүссэн, эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж унасан байсан. Энэ бүхэн нүүрсний үнэ буурснаас шалтгаалсан байсан. Ажлаа аваад түүхэндээ улсын төсвийг 2.2 их наяд төгрөгөөр хэмнэсэн төсвийн тодотголыг хийсэн. Өнөөдөр эдийн засаг есөн сарын байдлаар сэргэж, наймдугаар сарын дүнгээр эдийн засгийн өсөлт 5.7 хувьд хүрсэн. "Эрдэнэс Тавантолгой" ХХК-д онцгой дэглэм тогтоосны үр дүнд энэ оны наймдугаар сарын байдлаар борлуулалтын орлого нь 1.6 дахин өсч, биржийн тээвэр 1.5 дахин, экспорт 1.2 дахин, үр ашиг нь 2 дахин, орлого нь 3 дахин, олборлолт 1.3 дахин өссөн. Энэ бүхэн тэнд бугшсан байсан хулгайтай тэмцсэний үр дүн юм. Энэ бүхний үр дүнд эдийн засаг 5.7 хувь болж өсч, валютын нөөц 5.7 тэрбум ам.долларт нэмэгдэж эерэг үзүүлэлт гарсан. Тэнд нүүрсний хулгайн маш олон арга хэлбэрүүд ил болсон.
Бүгдийг нотолгоо баримттайгаар АТГ-т шилжүүлсэн. Нийт нэг их наяд төгрөгөөр барьж байгуулсан үйлдвэрийг 18 км цаана яагаад байгуулав. Энэ хооронд 1.5 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсныг онцгой дэглэм тогтоосноор 400 мянган төгрөг болгож буулгасан.
Бид долоодугаар сарын 19-ний өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн уурхай дээр очиж ажиллахад олон арван хулгайн тухай ярьж байсан. Бүгдийг нь таслан зогсоож, АТГ-т шилжүүлсэн. Ийм хол газар нүүрс баяжуулах үйлдвэрээ барьчихаад Бортээг гэдэг уурхайн аман дээр баяжуулах үйлдвэр барьчихаад ашиглалтад оруулдаггүй. Тээвэрлэлт нь асар өндөр өртөгтэй буюу 280 тэрбум төгрөгөөр конверын шугам барьж дуустал нь нэг их наяд төгрөгийн үйлдвэр маань үр ашиггүй байсан. Хэрвээ энэ үйлдвэр ашиглалтад орсон бол 44 их наядаас их орлогыг Монгол Улсад оруулах байлаа. Гэвч энэ үйлдвэр бараг ажиллахгүй сул зогсч байна. Ийм үрэлгэн замбараагүй байдал үүсгэсэн. Ийм учраас бидний зүгээс нүүрсний хулгайтай тэмцэж, улсын төсөвтэй хамт Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Бортээгийн ордыг ашиглах тогтоол өргөн барьмагц УИХ-ын дарга гурван сарын өмнө МАН-ын даргад нэр дэвшихгүй гэж байснаа яаран сандарч нэр дэвших мэдэгдэл хийж эхэлсэн. Та бүхэн санаж байгаа байх. Залуус нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардаж, жагсч байсан. УИХ болон Засгийн газар тухайн үед нээлттэй сонсгол зохион байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг даргалж байсан. Би УИХ-ын даргыг нүүрсний хулгайн тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь УИХ-ын дарга энэ асуудалд нэр холбогдсон байсан. Өнөөдөр эвлэлдэн нэгдэх тухай ярьж байна. Эв нэгдэл шударга ёсон дээр тулгуурлах ёстой. Авлига нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх учиргүй. Тийм учраас Монгол Улсын Ерөнхий сайд би Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхт бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа мэдэгдэж байна. Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү эрч хүчтэй, эрс тэс шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байна" гэлээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...