АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ ИРЭХ САРЫН 11-НД БОЛНО
- schedule 2024 оны 9 сарын 9
- chat_bubble 0
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр болно. Сонгогчийн саналыг 2024 оны аравдугаар сарын 11-ний баасан гарагт Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цаг хүртэл авна. Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг хүргэж байна.
2024.08.27-2024.09.02-ныг дуустал-Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28.1-д “Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана”, 28.2-д “Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана” гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу дэвшүүлэх ажиллагаа өнөөдрөөр /2024.09.02/ дуусгавар болж байна.
2024.09.05-ны дотор-Нэр дэвшигчийн баримт бичгээ хүргүүлэх
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31.2-д “Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ”, уг хуулийн 31.3-д “Бие даан нэр дэвшигч нь хуульд заасан бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ” гэж заасан байдаг. Энэ дагуу нэр дэвшигчид 2024 оны есдүгээр сарын 5-ны дотор нэр дэвшигчийн баримт бичгээ хүргүүлэх ёстой.
2024.09.12-Бүртгэх эсэх шийдвэр
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31.9-д “Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана” гэсэн байдаг. Нэр дэвшигчийг бүртгэх эсэх шийдвэрийг материал хүлээн авснаас хойш /2024.09.05/ долоо хоногт шийдэх учир 2024 оны есдүгээр сарын 12-нд шийдвэр гарна.
Дахин бүртгүүлэх хүсэлт гаргах
Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 32.2-д “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэх тухай хүсэлтээ шаардагдах баримт бичгийн хамт тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлж болно” гэсэн нь бий. Тиймээс санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилган дахин бүртгүүлэх хүсэлтээ ирүүлэх боломжтой.
Нөхөн нэр дэвшүүлэх
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 33-д
“33.1 Дараах тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно:
33.1.1.нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан;
33.1.2.нэр дэвшигч нас барсан;
33.1.3.нэр дэвшигч шүүхээр ял шийтгүүлсэн.
33.2.Тухайн шатны сонгуулийн хороо нөхөн нэр дэвшүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ хуулийн 31.10-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэсний дагуу нөхөн нэр дэвшүүлж болно.
2024.09.26-ны дотор-Нэр дэвшигчийн үнэмлэх олгох
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31.10-д “Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ” гэж заасан. Тиймээс нэр дэвшигчид 2024 оны есдүгээр сарын 26-ны дотор албан ёсоор тодорч, үнэмлэх гардаж, нийтэд тодорхой болох юм.
2024.09.26-наас эхлэн-Сурталчилгаа эхлэх
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 38.1-д “Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” гэж заасан. Тиймээс нэр дэвшигчид үнэмлэх авсан өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх боломжтой.
2024.10.09-ныг дуустал-Сурталчилгаа зогсох
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 38.1-д “Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” гэж заасан. Тиймээс нэр дэвшигчид санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө сурталчилгаагаа зогсоох ёстой. Ингэснээр сонгуулийн сурталчилгаа 2024 оны аравдугаар сарын 9-нд хаагдана.
2024.10.11-Санал авах өдөр
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 61.1-д “Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00-20:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна” гэж заасан. Энэ дагуу сонгогчдын саналыг 2024 оны аравдугаар сарын 11-ний 07:00-20:00 цаг хүртэл санал авах байранд авна.
2024.10.18-ны дотор-Дүн өргөн барих
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 73.4-д “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан. Тиймээс сонгуулийн дүн гарсан 2024.10.11-нээс хойш долоо хоногийн дотор ИТХ-д өргөн мэдүүлнэ гэсний дагуу 2024 оны аравдугаар сарын 18-ны дотор дүнгээ өргөн барих ёстой.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...