ЦАСАН ШУУРГАНД СУРАГГҮЙ БОЛСОН ГУРВАН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ
- schedule 2023 оны 12 сарын 5
- chat_bubble 0
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Завхан аймгийн Баянтэс, Тосонцэнгэл, Увс аймгийн Зүүнхангай суманд нийт 3 иргэн сураггүй болсон дуудлагаар тухайн орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, эсэн мэнд олжээ.
Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ автомашинтайгаа гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 4-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар цас орж баруун аймгуудын нутгаар салхины дундаж хурд 10-15 м/с, түр зуур 24-38 м/с хүрч ширүүссэн байна. Мөн 4-5-нд шилжих шөнө Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орж, салхины хурд 16-20 м/с хүрч цасан шуурга шуурсан.
Мөн Увс аймгийн Баруунтуруун, Дорнод аймгийн Баянтүмэн, Архангай аймгийн Цэнхэр, Хэнтий аймгийн Хэрлэн, Завхан аймгийн Баянхайрхан суманд нийт 24 зорчигчтой, 8 автомашин цасанд суусан дуудлагаар тухайн аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
Түүнчлэн хүчтэй салхи, шуурганы улмаас Ховд аймгийн Дарви, Зэрэг, Чандмань сумын нутагт 16 гэр, хоёр байшин, хоёр гараашийн дээвэр, Увс аймгийн Ховд суманд нэг гэр, Завхан аймгийн Цэцэн-Уул суманд хоёр гэр нурсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд ажиллаж, иргэдэд тусламж үзүүлжээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...