МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСАД ХИЙХ АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ
- schedule 2023 оны 9 сарын 15
- chat_bubble 0
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсад болох Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцохоор тус улсыг зорилоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Хавана хотын “Хосе Марти” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал, Бүгд Найрамдах Куба Улсын Аж үйлдвэрийн сайд Элои Алварез Мартинез нар угтан авав.
БНКУ-ын Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлэхдээ Латин Америкийн орнуудаас анх удаа Куба Улстай дипломат харилцаа тогтоосныг хэлээд, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр тус улсын Ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канел Бермудезтай уулзлаа.
Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа анагаах ухаан, биотехнологи, соёл, боловсрол, хөдөө аж ахуй, биологийн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн, биеийн тамир, спорт зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар ярилцав.
Тус улсын Ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канел Бермудез Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлах урилгыг талархан хүлээн авч, 2024 онд айлчилна гэдгээ илэрхийллээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...