МОНГОЛ УЛС ЭНЭ ОНД 76 МЯНГАН ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВЧЭЭ
- schedule 2023 оны 3 сарын 25
- chat_bubble 0
Энэ он гарсаар гуравдугаар сарын 21-ний өдрийн байдлаар Монгол Улс 76 мянган гадаадын жуулчин хүлээн авсныг Хил Хамгаалах Ерөнхий Газар мэдээллээ. Жуулчдын дийлэнх нь ОХУ, БНХАУ, БНСУ-ын иргэд байжээ.
Статистик мэдээллээр зөвхөн гуравдугаар сард 34 мянга гаруй жуулчин Монгол Улсад ирсэн байна. 2023-2025 онд Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах 34 улсын иргэдийг визийн шаардлагаас түр чөлөөлөөд байгаа юм.
“Монголд зочлох жил” аяны хүрээнд энэ онд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор 90 гаруй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Оны эхний гурван сард Ховд аймагт “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр, Хөвсгөл аймагт “Хөх сувд” мөсний баяр, Чингисийн хүрээнд “Бүргэдийн баяр”, Өмнөговь аймагт “Түмэн тэмээний баяр” зэрэг өвлийн аялал жуулчлалыг дэмжих уламжлалт фестивалиуд зохион байгуулагдсан юм.
Улаанбаатар хотын ойролцоо зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр”-т энэ онд 10 мянга орчим зочин ирснийг Нийслэлийн аялал жуулчлалын газар мэдээллээ. Үүнээс 600 гаруй нь гадаадын жуулчин байжээ.
“Хөх сувд” мөсний баярт нийт 20 мянган аялагч оролцсоны дотор 10 улсын 280 орчим гадаадын жуулчин байсан гэж Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар мэдээллэсэн байна.
Монгол Улс ойрын жилүүдэд гадаадын нэг саяас доошгүй жуулчин хүлээн авч аялал жуулчлалаас нэг тэрбум ам.долларын орлого олох зорилт тавиад байгаа юм.
Өнгөрсөн онд Монгол Улсад 290 мянга 400 жуулчин зочилж, аялал жуулчлалын салбар 350 сая ам.долларын орлого олжээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...