ХӨХНИЙ ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ АРАВДУГААР САР
- schedule 2022 оны 10 сарын 14
- chat_bubble 0
Жил болгоны аравдугаар сарыг дэлхий нийтээрээ хөхний хорт хавдартай тэмцэх сар болгон тэмдэглэдэг. Үүнтэй холбоотойгоор аравдугаар сарын 13-ны өдрийг “No Bra Day” буюу “Хөхний даруулгагүй өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Хөхний хорт хавдар нь аль нэг хөхний уутанцар эсвэл сүү дамжуулдаг сувгийн дотор талд үүссэн хавдрын эсээс үүсдэг. Хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдийг насны бүлгээр нь ангилбал 40-49 насанд хамгийн их тохиолддог байна. Тодруулбал, хөхний хорт хавдраар оношлогдсон эмэгтэйчүүдийн 76 орчим хувийг 40-69 насныхан эзэлж байна.
Манай улсад өнөөдрийн байдлаар хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хорт хавдрын дөрөвдүгээрт, нийт хүн амд тохиолдож байгаа хавдрын зургаадугаарт орж байна. Тодруулбал, 100 мянган хүн тутамд 8-11 хүн хөхний хорт хавдраар өвчилж байна гэсэн үг. Харин 2005-2006 оны үед 100 мянган хүн тутмын 4-5 нь хөхний хорт хавдраар оношлогдож байсан судалгаа бий. Энэ өвчнөөр дан ганц эмэгтэйчүүд бус эрэгтэйчүүд ч өвдөх эрсдэлтэй. Эрэгтэйчүүдийн 0.5-1.0 хувь нь энэ өвчнөөр өвчилдөг.
Хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг багасгахын тулд би юу хийж чадах вэ?
- Архи, спиртийн төрлийн ундааг хязгаартай хэрэглэх. Архийг ихээр хэрэглэх нь хавдар үүсэх өндөр эрсдэлийг дагуулна.
- Тамхи татахгүй байх. Тамхидалт, хөхний хавдрын эрсдэл (ялангуяа цэвэршилтийн урьтал үед) хоёр хоорондоо холбоотой нь нотлогдсон байна.
- Биеийн жингээ хянах. Жин ихтэй байх буюу таргалалт нь хөхний хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ялангуяа цэвэршилтийн дараа жин нэмэгдэж байвал эрсдэл өндөртэй байгааг харуулна.
- Идэвхтэй хөдөлгөөнтэй байх. Биеийн хөдөлгөөний идэвхтэй байдал нь жинг хэвийн байлгахад нөлөөлдөг ба хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлнэ. Долоо хоногт хамгийн багадаа 150 минут аэробикийн зөөлөн дасгал хийх эсвэл 75 минут аэробикийн эрчимтэй дасгал хийх, мөн долоо хоногт хоёр удаа сунгалтын дасгал хийж байхыг зөвлөдөг.
Б.ОТГОНЦЭЦЭГ
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...