ХАВРЫН ӨНГӨ НАВЧИС, ЦЭЦЭГСЭЭС НЬ ХАРАГДДАГ БОЛ ӨВЛИЙН ӨНГӨ ТАНЫ УРАН ТӨСӨӨЛӨЛД ОРШДОГ
- schedule 2021 оны 11 сарын 23
- chat_bubble 0
"Хаврын өнгө навчис, цэцэгсээс нь харагддаг бол өвлийн өнгө таны уран төсөөлөлд оршдог" -Терри Гилметс
Өвлийн улиралд тэсгэм хүйтэн жавраар хайрч хүмүүс, амьтад зутрах нь ихэсдэг ч сайн, муу хоёр ээлжилдэг хойно зөвхөн энэ л цаг үед хамгийн үзэсгэлэнтэй, үлгэр домгийн орчин бүрддэг гэдэгтэй хэн ч маргахгүй юм. Цасан ширхгүүд будран орохдоо хөдөлгөөнгүй орших бүхий л эд зүйлсийг бүрхэж өнгө зүсийг нь өөрчилдөг. Бууж ирсэн цаснууд нь ганцхан удаа өөрчлөгдөөд зогсохгүй хүйтрэхэд хөлдөж, халхад хайлсаар хүрээлэн буй орчныг олон төрлийн дүрд хувиргадаг билээ. Тиймдээ ч өвлийн улиралтай холбоотой гайхамшигт домгууд амаас ам дамжин жилээс жил дамнан яригдсаар байдаг.
Тэдгээрээс гайхалтай уран сэтгэмжээр баялаг нь Эден гэх нэртэй диваажин мэт цэцэрлэгийн тухай түүх юм. Нэн эртний цагт биеэсээ гэрэл цацруулан нисдэг буга тэнгэрт ургадаг үзэсгэлэнт Эден цэцэрлэгийг олдог гэнэ. Гэрэлт буга тэнд алтан гургалдайтай учирч ихэд дотносон нөхөрлөдөг бөгөөд тэр жиргэх биш дуулдаг аж. Түүний дуу, хоолой цэцэрлэг даяар сонсогдох мөчид Эдений бүхий л амьтад даган баясаж, ургамал цэцэгс дэлгэрэн төгөлдөржиж, булаг шанд нь зөөлрөн ариусаж, урсах ус нь амь тэтгэх шидтэй болдог байна. Хэдий буга тэнгэрт үлдсэн ч газар дэлхийгээ ихэд санадаг байсан тул алтан гургалдай, буга хоёр жилд нэг удаа дэлхийгээр айлчлахаар шийддэг юм. Гэрэлт буга дэлхийгээр айлчлахдаа эвэр дээрээ амьд усыг тээн авчирч, гол мөрнийг урсгаж, нуур далайг хайлуулан ариусгадаг байсан бол алтан гургалдайн дуу шимгүй хөрсийг сэтлэн нялх цэцэгсийг дэлгэрүүлж, улмаар дэлхийд хавар цаг ирдэг байв. Анхны хаврыг үзэж, алтан гургалдайн дуулахыг сонссон хүн төрөлхтөн урлагийг бүтээж, бүтээхүйд орших эрх чөлөөг мэдэрсэн домогтой.
Энэхүү домог нь бидний мэдэх EDEN брэндийн үүсгэн байгуулагдсан үндэс, суурь нь юм. Өөрөөр хэлбэл, тэд англи хэлнээс орчуулбаас "диваажин" гэдэг утгатай eden гэх үгээр брэндээ нэрлэж, эхлэлийн цэгээ уг домогтой холбосон билээ. Энэ утгаараа EDEN брэнд урлаг, уран сайхантай холбоотой ажлуудыг хийдэг уламжлалтай юм. Тэгвэл тэд энэ удаа брэндийн мэдрэмжийг харуулах зорилготой “Winter wonder” төслөө эхлүүлжээ. Уг төслийн хүрээнд өвлийн гайхамшиг болон домогт өгүүлэх үйл явдлыг мейкапаар илэрхийлэх бүтээлч ажлыг хэрэгжүүлсэн байв. Олон төрлийн, бүтээлч мейкапуудыг Anara's make up студийн үүсгэн байгуулагч О.Наранбилэг хийсэн бол, чамин аксесуаруудыг Muse Art House, AMULET загварын брэндүүд урласан байна.
“Мэдрэмж хөглөдөг амт” тодорхойлолтоо бататгах үүднээс EDEN брэнд гагцхүү урлаг, уран сайхныг бүтээдэг, эрэлхийлдэг, таашаадаг болоод цааш түгээдэг хүмүүстээ зориулан мэдрэмжээ үг, үсгээр дамжуулаад зогсохгүй биет байдлаар харуулжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...