ХАКҮХО АВРАГА ЗОДОГ ТАЙЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
- schedule 2021 оны 9 сарын 27
- chat_bubble 0
Японы мэргэжлийн сумо бөхийн Ёкозүна, дээд зиндааны 45 башёд түрүүлсэн дээд амжилтын эзэн Хакүхо зодог тайлахаар төлөвлөж байна гэж ойрын эх сурвалж мэдээлжээ. Өдгөө 36 настай Хакүхо аврага баруун өвдөгний бэртэлийн улмаас олон башёг өнжсөний эцэст зодог тайлах талаар эргэцүүлэх болсон гэлээ.
Хакүхо бэртэл, Ковид-19 халдварын улмаас зургаан башё өнжсөний эцэст долоодугаар сарын Нагоя башёгийн дэвжээнээ дахин зодоглож, нэг ч уналгүйгээр 15 даван түрүүлсэн юм. Гэвч Миягино дэвжээнд Ковид-19 халдварын олон тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор Хакүхо болон өөр 17 бөх саяхан өндөрлөсөн намрын тэмцээнийг өнжихөөс өөр аргагүйд хүрчээ.
Эртний түүхт спортын 69 дэх Ёкозүна Хакүхогийн Монгол нэрийг М. Даваажаргал гэдэг бөгөөд тэрбээр 2001 оны хавраас сүмогийн дэвжээнд зодоглож, 2006 оны тавдугаар сард дээд зиндааны анхны башёдоо түрүүлж байв. Олон янзын довтлох арга барилтай гэдгээрээ алдаршсан 1.92 м өндөр, 155 кг жинтэй Хакүхо нь 2007 оны долоодугаар сард 22 нас, хоёр сартайдаа Ёкозүна цол хүртсэн юм. Тэрбээр 2019 оны есдүгээр сард Японы иргэншил авснаар өөрийн дэвжээг байгуулах эрхтэй болсон билээ.
Ч. НАНДИНЦЭЦЭГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...