СУРГУУЛИЙН ОРЧИНД УЧИРЧ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛЛАА
- schedule 2021 оны 9 сарын 13
- chat_bubble 1
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Боловсрол, соёл, урлагийн газар, “Дэлхийн зөн” ОУБ-ын “Хүүхдийн төлөөх орон нутаг төсөл”-тэй хамтран “Сургуулийн анхан шатны эрсдэлийн үнэлгээ” хийх дадлага сургалтыг зохион байгууллаа. Багш, удирдах ажилтан энэхүү зөвлөмж болон бусад холбогдох материалуудад тулгуурлан, сурагчид, тэдний эцэг эхийн зөвлөл, ажилчид, бусад байгууллагуудтай хамтран “Сургуулийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-г боловсруулах, хэрэгжүүлэх, хянаж үнэлэх, сайжруулан хэрэгжүүлэх ажлыг тасралтгүй гүйцэтгэнэ.
Газар хөдлөлтийн гамшигт хүүхэд өртсөн тохиолдолд дараах эрсдэл учирч болзошгүй: Гэмтэх, бэртэх, угаартах, түлэгдэх, амьсгал боогдох, хөгжлийн бэрхшээлтэй болох, хүчирхийлэлд өртөх, сэтгэл санааны хямралд орох, төөрөх, тусгаарлагдах, халамж хамгаалалгүй үлдэх, амь насаа алдах.
Гал түймрийн аюулд өртсөн хүүхдэд дараах эрсдэл учирч болзошгүй: Түлэгдэх, угаартах, гэмтэх, бэртэх, хөгжлийн бэрхшээлтэй болох, төөрөх, сэтгэлийн хямрал, цочролд орох, эд хогшил нь шатаж эдийн засгийн хохирол амсах, амь насаа алдах гэх мэт
Хүчтэй цасан болон шороон шуурганд өртсөн хүүхдэд дараах эрсдэл учирч болзошгүй: Даарах, осгох, хөлдөх, гэмтэж бэртэх, хөгжлийн бэрхшээлтэй болох, төөрөх, амь насаа алдах
Зудын гамшигт өртсөн хүүхдэд дараах эрсдэл учирч болзошгүй: Даарах, осгох, хөлдөх, гэр бүлтэйгээ харилцаагүй болох, өвдөх, сэтгэл санааны хямрал, цочролд орох, хүчирхийлэлд өртөх, сурлагаар хоцрогдох, сургууль завсардах, амь насаа алдах
Үер усны аюулд өртсөн үед хүүхдэд дараах эрсдэл учирч болзошгүй: Урсах, живэх, гэмтэж бэртэх, хөгжлийн бэрхшээлтэй болох, орон гэр, эд хогшлоо алдах, гэр бүлийнхнээ алдах, тэднээсээ төөрөх, сэтгэл санааны хямрал цочролд орох, хүчирхийлэлд өртөх, амь насаа алдах
Энэхүү дадлага сургалтад ерөнхий боловсролын 11, 14, 15, 18, “Од” цогцолбор сургуулийг хамруулан, сургуулийн багш, ажилчид, хүүхдийн оролцоотойгоор тус сургуулийн гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийсэн юм. Үнэлгээгээр сургуулийн орчинд учирч болзошгүй эрсдэлийн аюулыг сааруулах, бууруулах арга ажиллагааг хэрхэн зохион байгуулах төлөвлөгөөг боловсрууллаа гэж Дархан-уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
А.ДӨЛГӨӨН
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...