Хятадын хоёр компани “КОВАКС” хөтөлбөрт 110 сая тун вакцин нийлүүлнэ
- schedule 2021 оны 7 сарын 19
- chat_bubble 0
"КОВИД-19"-ийн вакциныг дэлхий даяар тэгш хүртээмжтэй түгээх зорилго бүхий “КОВАКС” хөтөлбөрт БНХАУ-ын вакцин үйлдвэрлэгч "Сионофарм” болон “Синовак” компани 110 сая тун вакцин нийлүүлэхээр болсон тухай Дэлхийн вакцин ба дархлаажуулалтын холбоо (GAVI) мэдэгджээ.
“Коронавирусийн "Дельта" хувилбар дэлхий даяар тархаж, эрүүл мэндийн тогтолцоонд эрсдэл учруулж буй энэ цаг үед ‘КОВАКС’ хөтөлбөрт хамрагдаж буй улс орнуудад Хятадын хоёр компанитай хийсэн хэлэлцээрийн хүрээнд 110 сая тун вакциныг нэн даруй нийлүүлэх гэж байна” гэж тус холбооноос даваа гарагт гаргасан мэдэгдэлд дурдсан байна. “Синофарм” компани нь 2021 оны 7-10 дугаар сард ‘КОВАКС’ хөтөлбөрт 60 сая тун вакцин нийлүүлэх бөгөөд оны сүүлчээр мөн нэмэлтээр вакцин нийлүүлэхээр төлөвлөжээ.
“Синовак” компани мөн уг хөтөлбөрт эхний ээлжинд 7-9 дүгээр сард 50 сая тун вакцин нийлүүлэх аж.
“Синофарм” болон “Синовак”-ийн вакцинуудыг яаралтай горимоор ашиглахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ оны эхээр зөвшөөрсөн билээ.
Тухайн орны хөгжил дэвшил, орлогоос үл хамааран дэлхий даяар вакциныг тэгш хүртээмжтэйгээр хуваарилах зорилгоор “КОВАКС” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Гэхдээ долоодугаар сарын 12-ны байдлаар, тус хөтөлбөрөөр ердөө 102 сая тун вакциныг 135 улс оронд түгээжээ. Дэлхий даяар вакцины хүртээмж харилцан адилгүй хэвээр байна.
НҮБ-ын мэдэгдсэнээр, дэлхийн чинээлэг улс орнуудын хүн амын дунджаар 70 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байгаа бол бага орлоготой улс орнуудад энэ үзүүлэлт ердөө 1 хувьтай байна.
Хятадын хоёр компаниас худалдан авах вакцин нь “вакцины нийлүүлэлт, хүртээмжийн эрс ялгаатай байдлыг шийдвэрлэхэд тус болно" гэж “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд вакцин худалдан авах ажлыг хариуцан ажиллаж буй Дэлхийн вакцин ба дархлаажуулалтын холбоо үзэж байгаа аж.
“КОВАКС” хөтөлбөр нь 2020 оноос өмнө янз бүрийн вакцин үйлдвэрлэгчдээс 2 тэрбум вакцин худалдан авч, улс орнуудад тараахаар төлөвлөсөн бөгөөд үүний 1.8 тэрбумыг нь бага орлоготой 92 улсад нийлүүлэхийг зорьж байна.
БНХАУ нь вакцины ханган нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлж буй бөгөөд тус улс одоогоор олон улсын хамтын нийгэмлэгт 480 сая гаруй тун "КОВИД-19"-ийн вакцин нийлүүлж, 100 орчим улс оронд вакцины тусламж үзүүлж, 50 гаруй оронд вакцин экспортлоод байгаа ажээ.
Д.Жаргал
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...