Цармын бүргэдийн өдийг худалдаж авдаг
- schedule 2015 оны 12 сарын 10
- chat_bubble 0
Дэлхийд шувуу тэжээж түүгээрээ ан ав хийлгэдэг уламжлалт зан үйл, арга туршлагатай цөөхөн үндэстний нэг нь манай Казах үндэстэн юм. Цармын бүргэдийг манай Казах үндэстэн дээр үеэс гаршуулан тэжээж ан авдаа ашигладаг уламжлалт соёлтой. Гэвч 1970 -аад оны үед Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд 120 гаруй бүргэдчин байсан бол энэ тоо хэдийнэ дөрөв дахин буурснаас гадна гадаад дотоодын жуулчид бүргэдээр ан хийлгэх зан үйлийг сонирхох нь нэмэгдэж байгааг харгалзан Казахчуудын уламжлалыг сэргээх дэмжих, бүргэдийг тэжээснээр байгаль дахь цармын бүргэдийн ан авд өртдөг амьтдын тоо, толгойг зохицуулах, бүргэдчиний орлогыг нэмэгдүүлэх талаар зохистой менежмент шаардагдах болсныг үндэслэн “Цармын бүргэдийн менежментийн хөтөлбөр” гээчийг хэрэгжүүлж эхэлжээ.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Монголын цармын бүргэд нийгэмлэг”-ийг байгуулж, бүргэд тэжээгч бүргэдчин, тэжээмэл бүргэдийн талаар бүртгэлтэй болсон бөгөөд одоогоор Баян-Өлгий аймгийн 14 сум, Ховд аймгийн нэг суманд нийтдээ 360 гаруй бүргэдчин, 260 гаруй бүргэд бүртгэгдсэн байна. Мөн бүргэдчиний бүртгэлийн гэрчилгээ, цармын бүргэдийн бүртгэлийн маягт, бүргэдийг бусдад шилжүүлэх маягт, хорогдлын маягт, бүртгэлтэй цармын бүргэдийн өдийг худалдаалах маягт зэрэг долоон төрлийн актыг хэвлүүлэн ашиглах болсон гэнэ.
Монгол орны өдрийн махчин шувуудаас Шонхортон хэмээх багийн Явлагийнхан, Харцагынхан, Шонхорынхон гэсэн 3 овогт хамаарах 16 төрлийн 42 зүйл шувуу байдаг юм байна. Эдгээр 42 зүйлийн шувуудын нэг нь цармын бүргэд гэнэ.
Цармын бүргэд Ази, Европ, Хойт Америкийн нутгаар өргөн тархалттай бөгөөд манай оронд Монгол Алтайгаас Их Хянганы баруун сэжүүр хүртэлх тайга, ойт хээр, хээр, говийн бүсийн далайн түвшнээс дээш 800-3000 метр хүртэл өргөгдсөн уул нуруу, хад цохио бүхий нутгаар байршдаг. Тоо толгойн хувьд Европт 5 000-6 000, Ази тивд 15 000 орчим, Хойт Америкт 20 000 орчим толгой үржлийн хос байгаа ба нийт тархац нутгийн хувьд 120 000-250 000 орчим толгой байгаа мэдээ байдаг.
Монгол оронд цармын бүргэдийн тоо толгойн нарийн тооллого хийгдээгүй ч тархац нутгийн хүрээнд элбэг тохиолддог аж. Дэлхийн хэмжээнд усны болон махчин шувуудын тоо толгой багасч байгаа мэдээ бий. Ихэнх усны шувуу болон зарим махчин шувуудыг “Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйл, тэдгээрийн гаралтай эд зүйлсийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенц” ( CITES) - ийн бүртгэлд оруулж, судлаачид, байгаль хамгаалагчдын анхаарлыг татах болов. Цармын бүргэд нь энэ конвенцийн 2 дугаар хавсралтад бүртгэгдсэн шувуу юм. Иймээс цармын бүргэдийн тархац, биологи, экологийн онцлог, тоо толгойн байдалд судалгааг нарийвчлан хийж, түүнийг зохистой ашиглах, хамгаалах нь чухал аж.
Бүргэдчин тэжээж буй бүргэдээс жил бүр гуужиж унасан өдийг цуглуулж, зохих үнээр борлуулдаг гэж байсан. Өдийг нум сумны залгуурт ашиглах зорилготой учир бүрэн бүтэн, чанарын байдалд онцгой анхаардаг. Хэдий тийм ч тухайн өдийг хүн бүр худалдаж зах зээлд борлуулаад байдаггүй юм байна. Учир нь бүргэдийн өдийг худалдаж авахдаа Монгол Улсын цармын бүргэд нийгэмлэгийн гишүүн буюу бүргэд нь гэрчилгээ, бүртгэлтэй байх ёстой аж. Мөн өдөө зарах гэж байна гээд л хамаг өдийг зулгаагаад байхгүй нь. Үүнд нарийн шалгуур тавьдаг аж. Тэгж байж л өд сая үнд хүрнэ. Бүргэдчинээс зөвхөн байгалийн жамаар унасан далавчны болон сүүлний 25 см –ээс урт хэмжээтэй өдийг тодорхой зэрэглэлийн дагуу авдаг. Тэгэхээр үнэ хэлбэлзэх нь байх. Цармын бүргэд болон түүний ямар нэгэн эд зүйлийг гадаадад экспортлох тохиолдолд заавал Монгол Улсын болон импортлогч улсын “CITES” конвенцийн Үндэсний хорооны зөвшөөрөл авах шаардлагатай юм билээ.
Судалгаанаас үзэхэд бүргэдийг 5-6 настайд нь байгальд эргүүлэн тавьдаг аж. Ан хийх чадвар сайтай бүргэдийг 10 нас хүртэл нь тэжээдэг гэж байсан. Тэжээж буй бүргэдийг бөгжилж, фото зураг, биеийн хэмжээ зэргийг нь судалсан нарийн мэдээлэл цуглуулж сан байгуулдаг юм байна. Казахууд ихэвчлэн эм бүргэд тэжээдэг учраас байгалийн нөхөн сэргээлтийг алдагдуулахгүйн тулд 4-5 жил тэжээгээд байгальд нь эгүүлэн тавих нь зохистой байдаг аж. Цармын бүргэдийн ажиглалт, судалгаа явуулах, шилжилт хөдөлгөөн болон бүргэдийн бүртгэл, үхэл хорогдол зэрэгт хяналт тавих үүднээс бөгжлөх ажлыг хийдэг. Энэ ажилд зориулж Монгол Улс дахь “ЖАЙКА”-гийн төлөөлөгчийн газрын санхүүжилтээр, Польш улсын “ECOTONE” компанид 1 000 ширхэг тусгай бөгжийг захиалан хийлгэж байсан удаатай. Харин бөгжлөх ажлыг Баян-Өлгий аймгийн 12 сумын нутгуудаар ШУА-ийн Биологийн хүрээлэн, Японы Үндэсний нум, сум хэрэглэгчдийн холбоо-ны ажилтнууд хийсэн юм байна. Бөгжин дээр ШУА-ийн Биологийн хүрээлэн, Шувуу судлалын лаборатори, GOEA-1-1000 хүртэлх тоог цагаанаар бичсэн ажээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...