ИТАЛИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ”COVID-19” КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРТАЙ ХЭРХЭН ТЭМЦЭЖ БАЙНА ВЭ?
- schedule 2020 оны 11 сарын 30
- chat_bubble 0
Итали Улс
Итали Улсын Засгийн газраас хөл хорио тогтоосон дэглэмийг чангатгах шийдвэр гаргалаа. Цар тахлын нөхцөл байдлаас хамааран хорио цээрийн 3 бүс тогтоогоод байна. Үүнд:
1. Халдварын тархалт хамгийн өндөр буй улаан бүс. Тус хэсэгт хамаарах бүс нутаг, мужаас гарах болон орох хөдөлгөөнийг 15 хоногийн хугацаанд бүрэн хязгаарлах, үзвэр, үйлчилгээний газрууд болон хүнсний дэлгүүрээс бусад бүх үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох, ресторан, кафены үйл ажиллагааг 18 цаг хүртэл хүргэлтийн үйл ажиллагааг зөвшөөрөх,
2. Халдварын тархалт дунд зэрэгт хамаарах улбар шар бүс. Тус бүс нутаг, муж дотор сургууль болон ажилдаа явах, эрүүл мэндийн үйлчилгээ авах, хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх зэргээс бусад хөдөлгөөнийг хязгаарлах,
3. Халдварын тархалт багатай буюу шар бүст хамаарах бүс нутаг, мужийн хувьд улс орон даяар тогтоосон хөл хорионы дэглэмийг мөрдөх.
Улаан бүс: Калабрия, Ломбарди, Пиемонте, Вал Д”Оста
Улбар шар бүс: Сициль, Пулия
Шар бүс: Абруззо, Басиликата, Кампания, Эмилия-Романя, Фриули-Венеция-Жулиа, Лацио, Лигурия, Марке, Молисе, Трентогийн автономи аймаг, Болзаногийн автономи аймаг, Сардин, Тоскана, Умбрия, Венето мужууд тус тус багтсан байна. Энэхүү шийдвэрийг 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл дагаж мөрдөх байна.
Түүнчлэн, улс орон даяар 22:00-05:00 цагийн хооронд бүх хөдөлгөөнийг хязгаарлах, томоохон худалдааны төвийн үйл ажиллагааг амралтын өдрүүдэд хязгаарлах, нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн багтаамжийг 50 хүртэлх хувьд хүргэх, олон нийтийн сонгон шалгаруулалтыг түр хугацаанд зогсоох, ахлах сургуулийн үйл ажиллагааг бүрэн зайнаас явуулах (цэцэрлэг, бага болон дунд ангийн хувьд халдвар, хамгааллын дүрмийг мөрдөн танхимын хэлбэрээр үргэлжлүүлэх) зэрэг шийдвэрийг гаргав. Улсын хэмжээнд тогтоогоод буй онц байдлыг 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан байна.
- Ерөнхий сайд Ж.Конте 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр мэдэгдэл хийж, улс орон даяар тогтоосон хөл хориог 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн аажмаар сулруулахаа мэдэгдэж, 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дараах үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд нээхээр шийдвэрлэв. Үүнд:
- Бүх төрлийн дэлгүүр, ресторан, бар, кафе
- Үсчин, гоо сайхан
- Музей, номын сан
- Зочид буудал
- Шашны сүм, хийд
Мөн энэ өдрөөс эхлэн гадуур явах зорилгоо тодорхойлсон тусгай маягтыг авч явах шаардлагыг халж байгаа бөгөөд оршин суугаа аймаг дотроо гэр бүл, найз нөхдийн хүрээнд чөлөөтэй уулзах, далайн эрэг, нууранд очиж, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой болж байна.
Энэ оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн бусад муж, хотод зорчих хөдөлгөөнийг нээхийн зэрэгцээ Европын Холбооны бусад орнуудад зорчих, Итали Улсад 14 хоногийн тусгаарлалтгүйгээр нэвтрэх боломжтой болох юм байна. Түүнчлэн фитнес, бялдаржуулах клубын үйл ажиллагааг 5 дугаар сарын 25-ны өдрөөс, кино театр болон дуурийн театрын үйл ажиллагааг 6 дугаар сарын 15-ны өдрөөс нээхээр төлөвлөж байна.
Засгийн газраас коронавирусын халдварын тархалтын эсрэг 2 дугаар түвшинд шилжиж, хөл хориог сулруулж буй хэдий ч гадуур явахдаа амны хаалт хэрэглэх, хүн хоорондын зайг 1 метрээс доошгүй байх тухай эрүүл ахуйн дүрмийг сайтар сахихыг анхааруулж байна. Өнөөдрөөс эхлэн мөрдөгдөж буй тогтоолын хүрээнд иргэдийн амьдралын хуучин хэв маягийг авчрахад алхам алхамаар ойртож буй хэдий ч коронавирусын халдварлын тархалт нэмэгдсэн тохиолдолд хөл хориог дахин чангаруулах боломжтойг мэдээлэв. Итали Улсын хэмжээнд коронавирусын халдварын тархалт харилцан адилгүй байгаа тул Засгийн газраас гаргасан шийдвэрийг аймаг, мужийн нөхцөл байдалтай уялдуулан мөрдөхийг захирагч нарт нь зөвшөөрөөд байна.
Үүний зэрэгцээ оршуулгын ёслолд оролцогсдыг 15-аас илүүгүй байхаар зохион байгуулах,
Их сургууль, ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааг 9 дүгээр сар хүртэл зогсоохоор тус тус шийдвэрлэв.
Улс орон даяар коронавирусийн халдварын тоо аажмаар буурч байгаа боловч вирусийн тархалтын хоёрдугаар үе эхлэх магадлал бий тул хүн бүр анхаарлаа сулруулахгүй байхыг анхааруулж, гадуур явахдаа маск зүүж, зайт харилцааг мөрдөхийг зөвлөв. Түүнчлэн маскны хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд маск үйлдвэрлэгчдийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, нэг удаагийн маскны үнийг 50 центээр тогтоох шийдвэрийг гаргасан байна.
Гадаад улс орноос эх орондоо ирсэн иргэдийг 14 хоногийн хугацаанд өөрийгөө гэртээ тусгаарлах үүрэг өгч байгаа бөгөөд коронавирусын халдвартай үед гадуур явсан нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэн 12 жил хүртэл хугацаагаар шоронд хорих шийтгэл ногдуулах юм.
Бараа эргэлт, шуудан холбоо, худалдааны тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлж байгаа бөгөөд Женова, Ливорно, Триесте, Августа зэрэг томоохон боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...