Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: МУ-ын ЗГ 2021 оны төсвийн бодлогоо цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлого хэрэгжүүлэх, өрийг оновчтой удирдах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглүүллээ
- schedule 2020 оны 10 сарын 16
- chat_bubble 0
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн талаар УИХ-ын чуулганд үг хэллээ.
Улсын Их Хурлын дарга,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын их хурлаар хэлэлцэн батлуулахаар төсвийн төслийг хуулийн хугацаанд өргөн бариад байна. Энэ удаагийн өргөн барьсан төсвийн төсөл нь халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх багц арга хэмжээг хэрэгжүүлснээр нэмэгдээд байгаа төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, ЦАХИМ, ИЛ ТОД, ҮР АШИГТАЙ төсвийн бодлого хэрэгжүүлэх, өрийг оновчтой удирдах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэлээ.
Өргөн барьсан төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2020 оны тодотголын түвшнээс 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдэж 11.8 их наяд төгрөгт, нийт зарлага 2020 оны тодотголоос 625.9 тэрбум төгрөгөөр буурч 13.9 их наяд төгрөгт хүрэх ба тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд буюу ДНБ-ий 5.1 хувьд хүргэж төсвийн үзүүлэлтүүдийг сайжруулсан болно.
Засгийн газар өнгөрсөн хугацаанд төсвийн сахилга батыг сайжруулж төсвийн алдагдал, өрийг бууруулахын зэрэгцээ хямралд орсон эдийн засгийг сэргээхэд зайлшгүй шаардлагатай мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж ирлээ. Түүнчлэн бизнес эрхлэгч, татвар төлөгчдөд ээлтэй татвар, гаалийн тогтолцоог бүрдүүлж, цахим, ил тод, үр ашигтай төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэн, төсвөөс гадуурх зарцуулалтыг хязгаарлаж, өрийн оновчтой бодлого хэрэгжүүлснээр төсвийн орлого нэмэгдэн өрийн дарамт багасаж эдийн засаг тогтвортой өсөх хандлагадаа орсон байлаа.
2020 оны хувьд хэн ч урьдчилан төсөөлөөгүй COVID-19 цар тахлын улмаас улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд 9.7 хувиар, нийт экспорт 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар тус тус буурч, төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасраад байна. Халдварт цар, тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, иргэдийн амьжиргааг хангах цогц арга хэмжээний улмаас иргэдийн эрүүл мэнд, амьжиргааг тэтгэх зориулалттай төсвийн зардал нэмэгдэж алдагдал дотоодын нийт бүтэгдэхүүний 9.9 хувьд хүрсэн нь дэлхийн бусад улсуудын дунджаас ихгүй байна. Тухайлбал, АНУ-ын төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 15.3%, Япон улсынх 10.6%, БНСУ 6.0%, Сингапур 13.6%-д хүрсэн бол эдийн засаг нь хамгийн ихээр унасан орнуудад Перу 30.2%, Энэтхэг 23.9%, Испани 21.5%, Их Британи 21.5%, Аргентин 19.1%, Өмнөд Африк 16%, Бразил 15.7%-д хүрсэн байна.
Засгийн газар иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх шат дараалсан бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, нийт эрэлтийг дэмжсэний үр дүнд манай орны ард иргэд, эдийн засаг коранавируст цар тахлын энэ хүнд үеийг хохирол багатайгаар даван туулж байна.
Хэрэв цар тахлыг дотооддоо алдсан бол эдийн засаг, санхүү, төсвийн хувьд ойрын жилүүдэд дааж давшгүй хүндрэлд орох байсан нь дамжиггүй юм. Мөн түүнчлэн цар тахлын эсрэг Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа төсөв санхүүгийн бодлогыг зөв, оновчтой болохыг олон улсын банк санхүүгийн байгууллагууд дүгнэж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
Сүүлийн үед Ардын Намын Засгийн газрын үед төсвийн алдагдал, өр нэмэгдсэн мэтээр улс төр хийж байгаа нь бодит үнэнийг гуйвуулсан, зохимжгүй үйлдэл гэдгийг цохон тэмдэглэж цөөн хэдэн тоог эргэн сануулъя! 2012-2016 оны хооронд төсвийн сахилга бат дээд зэргээр алдагдаж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 8 удаа өөрчлөлт оруулснаас 2015 онд 5 удаа өөрчилж төсөв, эдийн засгийн макро үзүүлэлтүүдийг дордуулснаар эдийн засгийн өсөлт 2009 оноос хойших хамгийн доод түвшинд буюу 1.2 хувьд хүрч агшсан, төсвөөс гадуур хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах”, “Сайн” зэрэг хөтөлбөрүүд, Хөгжлийн банк, векселийн санхүүжилт, барих-шилжүүлэх концессууд зэргээс шалтгаалан төсвийн алдагдал ДНБ-ий 18 хувьд, Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 79 хувьд хүрсэн байсан билээ.
Ийм хүнд нөхцөлд Засгийн газар төсвийн сахилга батыг сайжруулж төсвийн алдагдал, өрийг бууруулахын зэрэгцээ хямралд орсон эдийн засгийг сэргээхэд зайлшгүй шаардлагатай мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж ирлээ. Улмаар, төсөв, санхүү, мөнгөн хөрөнгийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлснээр төсвийн бодит хэрэгжилт төлөвлөснөөс илүү сайжирч 2018 онд ашигтай, 2019 онд анх батлагдсанаас 2.5 дахин бага буюу ДНБ-ий 2.0 хувийн алдагдалтай гарсан байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...