Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хүрээнд хатуу хучилттай зам баригдлаа
- schedule 2019 оны 10 сарын 15
- chat_bubble 0
Монгол Улсын Засгийн газар БНЭУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлж, дэд бүтцийн барилга байгууламжийг 2019 онд багтаан барьж байгуулах үүрэг хүлээсэн билээ. Энэхүү төслийн хүрээнд нийт 27 километр төмөр зам, 21.13 километр хүнд даацын хатуу хучилттай авто зам баригдаж, улсын комисс ажиллан, ашиглалтад хүлээн авлаа. Үйл ажиллагааны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Ш.Пратхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг болон албаны бусад хүмүүс, орон нутгийн иргэд оролцов.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Өнгөрөгч оны 6 дугаар сард Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжлийн нэгэн шинэ хуудсыг нээж, Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавьж байсан бол өнөөдөр үйлдвэрийн дэд бүтцийг манай залуус хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж байна. Засгийн газар ч энэхүү төсөлтэй холбоотой шийдвэрүүдийг цаг тухайд нь яаралтай шийдвэрлэж байсан. Эрчим хүч, эрүүл хүнс, газрын тос гурвыг өөрсдөө үйлдвэрлэдэг болсон цагт Монгол Улс хөгжинө” хэмээн онцлов.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Өнөөдөр Монголчууд өөрсдөө хяналтаа тавьж, зураг төслөө боловсруулж, өөрсдөө бүтээн босгож чаддаг гэдгээ харуулсан сайхан үйл явдал болж байна. Манай Улаанбаатар төмөр замынхан 27 километр төмөр зам, Зэвсэгт хүчний 7780 дугаар ангийнхан Монголын анхны хүнд даацын авто замыг өөрсдийн хүч, нөөц бололцоогоор, чанарын өндөр түвшинд барьж байгууллаа. Энэхүү төмөр зам нь Хөөт-Бичигт, Чойбалсан-Эрээнцав-Соловьёвск хүрэх Монгол Улсын төмөр замын сүлжээний хэвтээ тэнхлэгийн эхлэл болж байгаагаараа онцгой ач холбогдолтой. Түүнчлэн Таван толгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замууд ашиглалтад орсноор Сайншанд нь Монголын хоёрдахь том өртөө болоод зогсохгүй олон мянган хүн ажлын байраар хангагдаж, улс орны эдийн засагт ихээхэн үр ашгаа өгөх бүтээн байгуулалтын эхлэл тавигдаж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.
БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан “Монгол Улсад 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулж буй нь эртний түүхэн уламжлалт найрсаг харилцаатай хоёр улсын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг юм. Монголын талын хүсэлтээр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг манай Засгийн газраас хийхээр шийдвэрлэсэн. Хоёр орны стратегийн түншлэлийг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно" гэв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...