Зэсийн үнэ судлаачдын үнийн төсөөллөөс доош буурлаа
- schedule 2019 оны 8 сарын 22
- chat_bubble 0
Энэ оны 8 дугаар сарын эхний 20 хоногт зэсийн сарын дундаж үнэ 5722 ам.доллар тонн байгаа нь 2017 оны 6 дугаар сараас хойш гараагүй бага үзүүлэлт болж байна. 2019 оны эхэн үеэс өнөөг хүртэл зэсийн үнэ дунджаар 6086 ам.доллар тонн байгаа нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлөвлөгөөт үнэ болох 6272.22 ам.доллар тонноос 144 ам.доллараар, томоохон судалгааны байгууллагуудын оны эхэн үеийн зэсийн үнэ прогнозоос 500-1500 ам.доллараар бага байгаа юм.
Тухайлбал Wood Mack судалгааны байгууллага 2019 онд зэсийн үнэ дунджаар 7488 ам.доллар хүрч өснө хэмээн нэгдүгээр сард үзэж байсан ч тэр хэмжээнд хүрэх магадлал бага байна.
АНУ, Хятадын худалдааны дайн зэсийн үнэд нөлөөлж байна
2019 онд томоохон зэсийн уурхайнуудын үйлдвэрлэл буурч, зэсийн зах зээл хомсдолтой байгаа боловч зэсийн үнийн түвшинд зах зээлийн суурь хүчин зүйлсээс илүү АНУ болон Хятадын худалдааны дайн голлон нөлөөлж байна.
Өнгөрсөн 6 дугаар сарын сүүлээр болсон Их долоогийн уулзалтаас хойш Лондонгийн металлын бирж дээр цэвэр зэс 5800-6000 ам.долларын хооронд харьцангуй тогтвортой үнээр худалдаалагдаж байсан бол 8 дугаар сарын 2-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп одоогоор импортын татваргүй байгаа Хятадын $300 тэрбумын бараа бүтээгдэхүүнд есдүгээр сарын 1-нээс эхлэн 10 хувийн татвар оноохоор төлөвлөж байгаа тухай зарласан. Энэхүү мэдэгдлийн дараагаар Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ гурван ажлын өдрийн дотор 200 гаруй ам.доллараар буурлаа.
Трампыг мэдэгдлээ твиттер сүлжээнд цацсаны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гол индексүүд огцом унажээ.
Тэрээр Америкаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн авахаа нэмэгдүүлэх амлалтыг Хятадын тал биелүүлэхгүй байгааг шүүмжилж, өвчин намдаах зориулалттай фентанил эмийн нийлүүлэлтээ зогсоох шийдвэр гаргах гэж байна хэмээн Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинийг буруутгасан байна.
Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа уг 10 хувь нь хоёр орны яриа хэлэлцээрийн үр дүнгээс хамаарч 25 хувь болж нэмэгдэх боломжтой гэсэн юм. Хэрвээ шинэ татвар хэрэгжиж эхэлбэл АНУ-ын зах зээлд нийлүүлэгдэх хүүхдийн хувцаснаас эхлээд гар утас хүртэл маш олон төрлийн бараа бүтээгдэхүүний үнэнд нөлөөлнө.
Америк-Хятадын Засгийн газрын төлөөлөгчид Шанхай хотод хоёр өдрийн турш ээлжит яриа хэлэлцээ хийж, тодорхой үр дүн багатай өндөрлөсөн бөгөөд АНУ-ын төлөөлөгчдийг Вашингтонд буцаж ирсний дараа Трамп дээрх мэдэгдлийг хийсэн юм.
Зэсийн үнийн хэтийн төлөв
Судалгааны байгууллагуудын 2019 оны дөрөвдүгээр улирлын зэсийн үнийн прогноз 5500-6600 ам.долларын хооронд хэлбэлзэж, дунджаар 6225 орчим ам.доллар тонн байна. Энэ нь зэсийн үнийн өнөөгийн түвшнээс өндөр байгаа тул судалгааны байгууллагууд энэ сард үнийн прогнозоо дахин бууруулах төлөвтэй байна.
Зарим судалгааны байгууллагууд ирэх улиралд зэсийн үнэ өснө гэж мэдэгдэж байна. Тухайлбал “Fast markets” судалгааны байгууллагын зах зээл судлаач Boris Mikanikrezai эрчим хүчний салбарын зэсийн эрэлтээс шалтгаалан Хятадын зэсийн эрэлт өсөх учир ирэх саруудад үнэ өснө гэж судалгаандаа дурдлаа.
Зэсийн эрэлтээрээ дэлхийд тэргүүлдэг Хятад улсын зэсийн нийт эрэлтийн 50 хувийг бүрдүүлдэг цахилгаан, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт энэ онд 5 хувиар буюу 2 тэрбум ам.доллараар өсөхөөр төлөвлөгдсөн. Харин 2019 оны эхэн үеэс өнөөг хүртэл Хятадын цахилгаан, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт 2018 оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа учир оны үлдсэн хугацаанд энэ салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийгдэж зэсийн эрэлт өсөхөд нөлөөлөх магадлалтай юм.
Гэхдээ зэсийн үнийн ойрын хугацааны хэтийн төлөвт эрэлт, нийлүүлэлт зэрэг зах зээлийн суурь хүчин зүйлсээс илүү АНУ болон Хятадын худалдааны дайны асуудал голлох нөлөө үзүүлж байгаа учир худалдааны дайны байдлаас шалтгаалан үнэ эрс буурах эрсдэл хэвээр байна.
Зэсийн үнийн дунд болон урт хугацааны хэтийн төлөвийн хувьд зэсийн уул уурхайн төслүүдийн хэрэгжилт удаашралтай байгаа энэ үед хүн амын хотжилт, цахилгаан авто машины хэрэглээнээс шалтгаалан зэсийн эрэлт сайжрах хандлагатай байгаа тул зэсийн үнэ өснө гэж зарим судлаачид үзэж байна.
Бэлтгэсэн: Экспорт борлуулалтын хэлтсийн Экспорт хариуцсан мэргэжилтэн Х.Мөнхцэцэг
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...